Багануур дүүргийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр “Иргэдийн төсөв-2023” эмхэтгэлийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.


Эмнэлгийн цахилгаан шатны туршилт эхэллээ
Манай дүүргийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга нь нийт 12 цахилгаан шаттай юм. Дээрх цахилгаан шатуудын ашиглалтын хугацаа дуусч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон яаралтай тусламжийн үед хүндрэлтэй байдал үүсдэг. Энэ талаар ч иргэд болоод эмнэлгийн ажилтнууд санал хүсэлтээ илэрхийлж байсан.




Дээрх асуудлыг шийдвэрлэж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтанд 320 сая төгрөгийг тусган 2 цахилгаан шатыг ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна.
Дээрх цахилгаан шат угсралтын явцад цахилгаан монтажыг иж бүрэн засварлаж, лифтний хонгилоос хөрсний ус нэвчилтийг зогсоосон бөгөөд технологийн дагуу туршилтын хугацаагаар ажиллуулж эхлээд байна. Туршилтын хугацаа дуусч, техникийн комисс ажилласнаар тус цахилгаан шатаар зорилтод иргэд үйлчлүүлэх боломжтой болно.


Барилгын ажлын аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 85,9 хувьтай байжээ.

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НИЙТ ХЭРГИЙН ИХЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг Цагдаагийн хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Ууганбаяр танилцууллаа. Нийт 78 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-18, зөрчлийн шинжтэй-60 дуудлага бүртгэгджээ. Нийт гэмт хэргийн хувьд цахим орчинд залилах гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэрэг өсөх магадлалтай байгааг тус хэлтсээс анхаарууллаа.

ШАР УСНЫ 17 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймэр болон аврах ажиллагааны дуудлага бүртгэгдээгүй байна. Харин шар усны 17 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд орж байгаагүй их хэмжээний цас орсон юм. Урин дулаан болж, цас хайлан их хэмжээний шар усны урсац ихсэж байгаа тул иргэд та бүхэн аюулгүйн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАВ
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжил, цахим бодлогын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн салбарт хэрэгжүүлж болох тэргүүн туршлагыг судлах орон нутгийн онцлогтоо тулгуурлан төлөвшүүлэх, нутагшуулах зорилгоор Дархан-Уул аймгийн ИТХ-тай туршлага солилцсон талаар ИТХ-ын Төлөөлөгч, Хүний хөгжил, цахим бодлогын хорооны дарга А.Өсөхжаргал танилцууллаа.
Мөн ИТХ-ын дарга Т.Отгонболд даргын зүгээс дараах асуудалд анхааралаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
- 3 сарын23-ний өдөр дүүргийн ИТХ-ийн ээлжит бус XXIII хуралдааны бэлтгэл хангаж ажиллах
- Дүүрэгт орон сууцны барилга барьж буй ААНБ, компани, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, ИТХ-ийн төлөөлөгчдийн оролцуулсан уулзалт зохион байгуулах.
- Дархан-Уул аймгийн тэргүүн туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг үүрэг болголоо.
БАРИЛГЫН АЖЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
-“Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
-Он дамжин хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажил, шинээр эхлэх ажил болон зураг төсвийн ажлуудыг дэд бүтцийн байгууллагуудтай уялдаа холбоог ханган сар тутам мэдээлэл солилцох уулзалтыг хийж, танилцуулж байх,
-СӨХ болон ААНБ, иргэдийн оролцоог түшиглэн дүүргийн задгай хог хаягдлын цэвэрлэгээ үйлчигээг сайтар зохион байгуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.


Дүүргийн хоёр дахь улсын аварга фермэрээр П.Сундуй тодорлоо
Дүүргийн 4 дүгээр хорооны малчин П.Сундуй өдгөө 18 жил мал маллаж, энэ жил 1500 гаруй мал өвөлжүүлж, малын хоргодолгүй, төл бүтэн хаваржиж байна. Тэрээр “Улсын аварга фермер”-ээр тодорч, шагналыг МУ-ын Шадар сайд С.Амарсайхан болон Засаг дарга С.Даваасүрэн нар гардуулан өглөө.
П.Сундуй мал маллах хугацаандаа Б.Дүүрэнбилэг, П.Сэрээтэр, Ц.Санжаажамц нарыг туслах малчнаараа ажиллуулан малжуулж, мал маллах ухаанд сургажээ.

Мөн дүүрэг орон нутгийнхаа малчдад тус нэмэр болж, 2015 онд өөрийн хөрөнгөөр гүний худаг гаргаснаас гадна, жил бүр нутгийн малчдынхаа хадлан тэжээлийг бэлтгэх ажлыг гардан хариуцаж, Дорнод аймгаас жилд 40-50 тонн хадлан тэжээлийг бэлтгэн, иргэддээ нийлүүлдэг ажээ.
Тэрээр 2019 онд “Дүүргийн сайн малчин”, “Нийслэлийн сайн малчин”-аар шагнагдаж байсан бол дүүргийн 4-р хорооны малчдаас 6 дахь аварга нь болсон байна.



Багануур теле камерийн системд бүрэн холбогдоно
Иргэдийн санал асуулгын нэгт гудамж талбайг камержуулах ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай талаарх саналыг сүүлийн жилүүдэд ирүүлж байна. Тэгвэл энэ асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн телекамерийн хяналтын төв болон нийслэлийн Мэдээлэл технологийн газартай хамтран ажиллаж буй “Бодь электроникс” ХХК-тай уулзалт зохион байгуулж, газар дээр нь үзэж танилцлаа.

Уулзалтын үеэр техник ашиглалтын шаардлага, камерийн давуу болон сул тал, аюулгүй байдал, зөрчлийг илрүүлэх боломжууд, төсөв хөрөнгийн талаар дэлгэрэнгүй танилцсан юм.

Уулзалтын үр дүнд Бодь электроникс компанийн удирдлага Багануур дүүрэгтэй хамтран ажиллах саналыг илэрхийлж, техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулахаар харилцан тохиролцлоо. Дүүргийн Засаг дарга иргэдийн аюулгүй байдал, орчны цэвэр цэмцгэр байдлыг хангах, иргэдээс ирүүлж буй саналыг ажил хэрэг болгоход дүүргийн зүгээс төсөв хөрөнгийг судлан шийдвэрлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, 1-2 жилийн хугацаанд бодит ажил хэрэг болгохоо илэрхийллээ.



Эмэгтэйчүүдээ баярлууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүргийн төр захиргааны болон ААНБ, ахмад эмэгтэйчүүд, хувиараа бизнес эрхлэгч, зорилтот бүлгийн гээд салбар салбарын 300 гаруй эмэгтэйчүүдээ хүлээн авч, баярлууллаа.

Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны удирдлагууд хүрэлцэн ирж, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, баярт ирсэн бүсгүйчүүдэд улаан сарнай илгээснийг дүүргийн удирдлагууд, ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчид гардуулан өгсөн юм.
Баярын үйл ажиллагаанд ирсэн эмэгтэйчүүддээ гарын бэлэг, сонирхолтой лекц, урлагийн тоглолт, киног зориулж, бүсгүйчүүд маань оюунлаг, урлагийн ертөнцөөр аялан нэгэн үдшийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Мөн баярын үеэр Монгол улсынхаа хилээ хамгаалж буй цэрэг эрс болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа дүүргийн маань залуучуудаас хайртай эмээ, ээж, эгч, дүү нартаа цахим мэндчилгээ ирүүлснийг дэлгэцээр дамжуулан хүргэж, ээжүүд эмээ нарт нь гэнэтийн бэлэг барьсан нь сэтгэл догдлуулсан торгон агшин байсан юм.
Эмэгтэйчүүдээ баярлуулахад хамтран ажилласан Дэлхийн зөн Багануур ОНХ, Багануур дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны хамт олондоо #талархсанаа илэрхийлье.















