Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцуулснаар эхэлсэн.
Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэдээллийг хүргэлээ. Нэгдүгээр ангийн цахим элсэлтийн бүртгэлд нийт 644 хүүхэд бүртгүүлэхээс өнөөдрийн байдлаар элсэлт баталгаажсан 319 хүүхэд байгаа ба цахим бүртгэл 08 сарын 30-ны өдрийг хүртэл бүртгэхээр сунгагдлаа. Харин СӨБ-ын 1-р шатны бүртгэл буюу цахим бүртгэлд 2-5 насны 1704 хүүхэд бүртгэгдэж 75 хувьтай байгаа бол 2-р шатны буюу түр оршин суугчдын 09 сарын 05-ны өдрөөс 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэнэ.
Сүүлийн жилүүдэд бороо ихээр орсны улмаас гэр хорооллын гудамжны шавар шавхай эрс нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор гудамж талбайг засварлах ажлыг “Багануур Тохижилт” ААТҮГ хийж 25000 м2, 20 гудамж талбайг засварлаж ажилласанг тус газрын Захирал Д.Олзвой мэдээллээ.
Төлөвлөгөөт мэдээллийн дараагаар Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах
-ЕБС-ийн орчимд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган камержуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
-Дүүргийн хэмжээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг бүрэн барагдуулж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах
-Төсвийн зохицуулалтын хүрээнд борооны улмаас эвдэрч гэмтсэн автозам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх
-Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд шинээр худалдан авах, нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизмуудын судалгааг гаргаж, төсвийн тодотголд тусгуулах
-Хотын ногоон байгууламжууд дахь зүлэг, шарилж, мод, бут, автозамын нэгдүгээр эгнээ дагуу ургасан модыг засаж жигдлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах
-Жолооч нарыг авто замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчиж татвар, торгуулиа төлөөгүй болон тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх
– Хөрсний ус зайлуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах
-Сонгуулийн санал авах байрнуудын бэлтгэл ажлыг хангаж ажиллах
-Дүүрэгт хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн явцын бодит мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах
-Хөрөнгө оруулалтын ажлыг дуусгахад анхаарч, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл танилцуулах
-Замбага эмнэлэг, Гэрэлт ирээдүй МБТ, 235-р цэцэрлэг, Ирмүүн дэлгэрэх болон бусад газар эзэмшигчдийн тухайн орчмын тохижилтын зураг төслийн ажлын даалгаврыг бэлтгэх хүрээнд газрын алба, инженерийн байгууллагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулж ажиллах
-Төрийн болон төсвийн байгууллагын байр ашиглалтыг сайжруулах хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орох асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах
-“Залуус” хэсгийн инженерийн шугам сүлжээ аюулгүй байдлыг хангаж ажиллах