Нийслэлийн лаборатори Боловсрол цогцолбор сургуульд хэрэгжүүлж буй олон улсын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар танилцлаа.
Боловсрол цогцолбор сургуульд 87 бүлгийн 2771 хүүхэд боловсрол эзэмшдэг бөгөөд 191 багш ажилтантай юм. Улсын хэмжээнд математик, физикийн хичээлээр дээгүүр үнэлэгддэг бол ЭЕШ-ын гүйцэтгэл дунджаас дээгүүр үнэлэгдэж, Pearson олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь багш болон сурагчдын талархлыг хүлээж, сургалтын чанарт мэдэгдэхүйц нөлөөлж буй талаар тус сургуулийн захирал Б.Буянхишиг танилцуулав.
Түүнчлэн анх байгуулагдсан цагаас хойш 2 хичээлийн байрнууд их засварт ороогүй бөгөөд нийт 2 орчим тэрбум төгрөгийн их засвар хийх шаардлагатайг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн танилцуулснаар ирэх 2024 оны улсын төсөвт тус хичээлийн байрны дотор сантехник, халаалтын шугамын их засварыг хийж өгөхөө сайдын зүгээс хэллээ.
Энэ үеэр боловсролын багц хууль, салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх, багш бэлтгэх болон үнэлгээний тогтолцоо, сургуулийн өмнөх, бага, дунд болон дээд боловсролын бодлогын шинэчлэл, насан туршийн боловсрол, боловсролын санхүүжилт зэргээр багш нартай санал солилцлоо.