Энэ сарын 15-ны өдрөөс айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд халаалт өгнө
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтыг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 16 төрлийн үүрэг даалгавар өгснөөс биелэлт 75 хувьтай хэрэгжсэн байна.
Онцгой байдлын хэлтэс гал түймрийн нэг дуудлагаар ажиллаж, авран хамгаалжээ. Мөн гол усны үер, тарваган тахал, Боом зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг мэдээ хүргэж ажиллажээ.
Мөн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр: “Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд томуугийн халдвар хугацааны хувьд маш эрт нэмэгдэж байгааг анхаарч хүүхдүүдээ дулаан хувцаслаж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа” гэлээ.
ИТХ-ын дарга Т.Отгонболд: ЕБС,СӨБ-үүдийн халдваргүйтгэл, ЕБС-иудын үдийн хоол хөтөлбөрийн хоолны чанарт анхаарал хандуулж ажиллахаар чиглэл өглөө. Мөн сүүлийн үед цахим залилах төрлийн гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтарсан сургалтыг 09 сарын 14-ний өдрийн 14.00 цагт Өргөө соёлын ордонд хийх бөгөөд тус сургалтад байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудыг ажилтан, алба хаагчдаа идэвхтэй хамруулах талаар мэдээлэл хийлээ.
“Өсвөрийн аврагч-2023” тэмцээн зохион байгуулагдана
Монгол улсын аварга шалгаруулах “U17” тэмцээнд 45 багийн тамирчид оролцож байна
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч байна
Багануурчуудад дэлхийн боловсролыг олгох хамтын ажиллагаа амжилттай эхэллээ
Хотын дарга хөрөнгө оруулалтын ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллах үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Багануурчуудад шаардлагатай байгаа ажлын саналыг танилцуулсан.
Тэрээр Багануур дүүргийн хэмжээнд 27 орчим км хатуу хучилттай автозам байгаа ба эдгээр замууд ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Асфальт болон бетон замын барьцалдах чадвар муудсан, сүүлийн жилүүдэд бороо их орсны улмаас замын эвдрэл үлэмж хэмжээгээр нэмэгдэж, жил бүр нөхөөс хийж байгаа ч гэсэн үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Тэгэхээр төв замыг бүрэн нэмж асфальтаар хучих хэрэгтэй, нэн тэргүүнд Залуус төвөөс Тогос уул хүртэлх автозамыг цаг алдалгүй хучих шаардлагатайг танилцууллаа.
Түүнчлэн 2024 он гэхэд гэр хорооллын бүх хэсэг гудамжнуудыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгоход 1,5 тэрбум төгрөг, орон сууцны фасад засварт 3,9 тэрбум төгрөг, спорт хорооны гадна доторх их засварт 1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Хотын даргын зүгээс дүүргийн төв автозам, спорт хорооны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Залуус төвөөс Эрүүл мэндийн төвийн уулзвар хүртэлх автозамын 480 сая төгрөг, Спорт хорооны барилгын дотоод их засварт 545 сая төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлж, энэ онд нь эхлүүлэх, нийтийн тээвэрт дахин 2 автобусыг хуваарилж шилжүүлэхийг нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Мөн 2024 онд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, фасад засварт тодорхой хөрөнгийг тусгаж, Байдлаг хэсгийн гэр хорооллын бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаа амлалаа.
Дашрамд дурдахад нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор Багануур дүүрэгт дараах ажлуудыг нийслэлийн Засаг даргаас баталсан байна.
Боловсрол цогцолбор сургууль дотор сантехник засварын ажил /558.6 сая/
Гүн галуутай цогцолбор сургууль дотор сантехник засварын ажил /200.0 сая/
Ундны усны эх үүсвэрийн цахилгаан хангамж /90.0 сая/
Наадмын талбайн цахилгаан хангамж /40.0 сая/
Бичил цэцэрлэгт хүрээлэн, Хилийн цэргийн байр болон 5 дугаар хорооны “Бага гүн” хэсгийн тохижилтын ажил /240.0 сая/
19-23 дугаар байр болон БЦС-ийн хичээлийн 2 дугаар байранд 3х3 сагсан бөмбөгийн стандартын талбай
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.
Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.
Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд
Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт 647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай. Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болжээ. Энэ онд л гэхэд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна.
Хотын дарга тус дүүргийг орон сууцжуулах бодлого баримтлах, авто замын шинэ трассыг төлөвлөх, хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна
УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр:
-Манай албанаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх 2024 онд 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Тодруулбал, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлт 95, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт 99, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, арчлалт, засвар үйлчилгээ 100 хувь, хот тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний замын ажил 94, нийтийн бие засах газрын үйлчилгээ 84 хувьтай хувийн хэвшилд шилжээд байна. Аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр байгууллагуудад хөрөнгө оруулалтын зээл авах, боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг үр дүн гарсан хэмээлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Багануур дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Багануур дүүрэгт захиалагчийн хяналт тавьж байгаа 15 ажил бий. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажил. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Ажлын явц 30 хувьтай байна. Угсралтын ажил эхэлсэн. Аравдугаар сард багтаан ажлыг дуусгахаар төлөвлөж байна гэв.
“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хүрээнд таван чиглэлээр 20 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх гэх мэт сургалт зохион байгууллаа. Мөн эхийн эндэгдлийн ноцтой тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулснаас гадна дүүргүүдэд Өсвөр үеийн кабинетууд байгуулсан. Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг утаат болон электрон тамхидалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүй” аяны бэлтгэлийг хангаж байна гэлээ.
Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
- Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагууд энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шуурхай бригадыг бэлэн байлгах,
- Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
- Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх,
- Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа эрчимжүүлэх,
- Хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл, шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
- Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
- Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах зэрэг үүрэг өгөв.
Хотын дарга Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж, ажлаа авснаасаа хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Тус уулзалтад дүүргийн харьяа хэлтэс, алба болон сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон 160 ажилтан, албан хаагч оролцсон юм.
Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцэж, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж, нийслэл бонд гаргах зөвшөөрлөө аваад байна.
Тэрчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг анх удаа байгуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж буйг Хотын дарга онцлов. Тус төвөөс Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойлсон бөгөөд өдгөө 0.464 буй. Үүнийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.
Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлага бий. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэх юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ. Хотыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал учраас өнөөдөр та бүхэнд нийслэлийн удирдлагуудын баримталж буй бодлого, түүний хүрээнд хийсэн ажлуудыг танилцуулж байна. Энэ бүгдийг судалгаа, шинжилгээнд суурилан боловсруулж, шийдвэр гаргаж байгаа” хэмээсэн юм.