
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан боллоо
Багануур дүүргийн 9 дэх удаагийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Мөнхцэцэг, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Батням нар томилогдлоо.
Хуралдаанаар П.Төгөлдөр 13 төлөөлөгч буюу 52 хувийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсон бол дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй С.Даваасүрэнг улираан томилохоор нэр дэвшүүлж 17 төлөөлөгч буюу 68 хувийн саналаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт саналыг уламжлахаар боллоо.

Хээрийн болон гудамж, зам талбайн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахыг чиглэл болголоо
Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Үүнд:
-2025 онд замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын ажлууд болон хорооллын дундах авто замын засвар шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлж, ирүүлсэн саналын дагуу байршил тус бүрээр газар дээр нь явж үзэх
-Цаашид хот тохижилтын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах санал ирүүлж, дахин шинээр сонгон сонгон шалгаруулалт зохион байгуулах
-Давс,бодисын нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хот тохижилтын компаниудынхаа машин техник, бэлэн байдлыг сайтар хангуулж, засвар үйлчилгээг хийлгүүлэх
-Хот тохижилтын машин механизмуудыг хүлээж авах ажлыг яаралтай зохион байгуулах
-Хээрийн болон гудамж, зам талбайн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж ажиллах

Автозамын засварыг дүүргээс хүлээж авах боломжгүй талаар мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн үнэт цаасны хөрөнгө оруулалтаар МТ шатахуун түгээх станцаас Холбооны 4 замын уулзвар хүртэлх 0,600 км авто замын засварын ажлын тендер сонгон шалгаруулалт нийслэлийн худалдан авах ажиллагааны албанд зарлагдаж гүйцэтгэгчээр “Эс эл сити ХХК” шалгарч 2024.09.20-оос 11 сарын 20-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан захиалагчийн хяналтыг нийслэлийн Замын хөгжлийн газар хийсэн.
Тус ЭС ЭЛ СИТИ ХХК нь авто замын стандартын шаардлага хангаагүй ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дүүргийн зүгээс ашиглалтад хүлээж авах боломжгүй талаар мэдэгдлийг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүргүүлж, дахин засварлуулахаар хугацаатай үүрэг даалгаврыг өгөөд байна.

Иргэдийн спортын наадмын 11 удаагийн шигшээ тэмцээнд дүүргийн 800 гаруй тамирчид оролцжээ
Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Явган аялал, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан бол өнөөдөр хийн дасгал, аэробикийн төрлүүдээр үргэлжилж мөн нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Нээлтийн үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны “Жуух бичиг”ээр Л.Сэндэнпүрэв шагнагдлаа.
Тус наадмын төрлүүд болох дартс 10 сарын 26, ширээний шагай 10 сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр эзэлсэн баг тамирчид 11 сарын 7-10-ны өдрүүдэд болох Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцоно.
Ташрамд дурдахад Багануур дүүргийн иргэд Нийслэлийн иргэдийн спортын наадамд 2012 оноос хойш жил бүр оролцож байгаа бөгөөд нийт 11 удаагийн наадамд 843 иргэд амжилттай оролцож 436 медаль хүртэж байжээ.
Мөн дүүргийн нэгдсэн дүнгээр 9 дүүргээс 2013 онд 1-р байр, 2018 онд 2 дугаар байр тус тус эзэлж байсан юм.



Хийж хэрэгжүүлж байгаа аливаа зүйлд гамтай байхыг хүсье
Дүүргийн 2-р хороонд нийтийн тээврийн 3 автобус иргэдэд үйлчилж байна. Харин тус хороонд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар дулаан автобусны буудлыг ашиглалтад оруулсан.
Гэтэл хүүхдүүд чулуу шидэж автобусны буудлын шилийг хагалах үйлдлүүд удаа дараа гарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй мөргөж эвдэлжээ.
Хэдийгээр хуулийн байгууллагаар шийдэгдэх ч хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн тав тухыг хангах үүднээс дүүргээс яаралтай засварлахаар болсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүрэгт ажиллалаа
Дүүрэгт баригдаж буй 50 МВт/200 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын төслийн явцтай танилцлаа. Төслийн санхүүжилтийг нийслэлээс шийдсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад орно.
Энэ төсөл ашиглалтад орсноор оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 50 мВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулна. ДЦС- уудыг “0” зогсолтоос сэргийлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний төслүүдийн ажил урагштай байгаад баяртай байна. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай Засгийн газрын зорьж байгаа эрчим хүчний салбарын бие даасан байдлыг хангах, эрчим хүчний импортыг бууруулах ач холбогдолтойгоос гадна Улаанбаатар хот тэлж, түгжрэл төвлөрлийн асуудал шийдэгдэхэд гол нөлөө үзүүлнэ хэмээн онцоллоо.


Дашням, Балжиннямтай сайн өдөр эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгаан станц ажиллаж эхэллээ
Нийслэлээс 130 км алслагдсан Төв аймгийн Баян сумын нутагт “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын 150МВт эхний блок ийнхүү ашиглалтад орлоо. Уг станц нь 220кВ-ын 2 хэлхээт 72 километр цахилгаан дамжуулах агаарын шугамаар 220/110/35кВ Багануур дэд станцтай буюу төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдож байгаа юм.
Энэхүү төсөл нь монголдоо анхны хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа эх үүсвэрийн төсөл бөгөөд станцын үндсэн тоноглол нь усны маш бага хэрэглээтэй, нүүрсийг станц руу туузан дамжуургаар өгөх хамгийн хямд зардал бүхий шийдэлтэй, үндсэн болон цахилгаан тоноглолууд нь сүүлийн үеийн инновациар үйлдвэрлэгдсэн, 220кВ-ын гаргалгаанууд нь GIS төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн эко төсөл болно.
Тус станц нь нийт 600 МВт хүчин чадал бүхий 4 блок байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.



Автозамын хучилтын ажил хийгдэнэ
“Эс Эл Сити” ХХК Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НХААГ/20240101532 тоот гэрээ байгуулан “Багануур дүүргийн авто замын засвар, шинэчлэлт”ийн ажлыг гүйцэтгэж байгаа билээ.
Дээрх засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Багануур дүүргийн 1 дүгээр хороо МТ шатахуун түгээх станцаас холбооны уулзвар хүртэл 2024 оны 10 дугаар сарын 7-ны өглөөний 06.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 9-ний өглөөний 06.00 цаг хүртэл зам хааж авто замын хучилтын ажлыг хийх шаардлагатай байгаа тул оршин суугч, иргэд та бүхэн минь хамтран ажиллахыг хүсье.