
Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд дүүрэгт 2 жилийн хугацаатай ажиллана
2024-2025 оны хичээлийн жилд АНУ-ын Энх тайвны корпусын Сайн дурын ажилтан Gabriel Adamian, Lori Willard нар Гүн галуутай, Боловсрол сургуульд 2 жилийн хугацаатай ажиллахаар болсон.
Өнөөдөр Монгол дахь АНУ-ын ЭТК-ын Хөтөлбөрийн менежер Г.Баярсайхан, Д.Зоригтбаатар, Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Доржнамжин нар дүүргийн удирдлагууд болон боловсролын салбарын удирдлага мэргэжилтнүүдтэй сайн дурын ажилтны үйл ажиллагаа болон цаашид хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Сайн дурын ажилтан ЕБС-ийн багш, суралцагчдын англи хэлний боловсрол, сургууль хамт олны хөгжлийг дэмжих чиглэлээр төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг бөгөөд төрийн албан хаагчдын Англи хэлний боловсролыг сайжруулах сургалт, клубийг хичээллүүлж хамтран ажиллах талаар санал солилцлоо.



Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Ану мөнгөн медаль хүртжээ
2024 оны 10-р сарын 27-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрүүдэд Грек улсын Родос хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 53 орны 245 шатарчин оюун ухаанаа уралдуулжээ.
Тэмцээний 1700 хүртэлх чансаатай шатарчдын эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Багануур дүүргийн тамирчин Сод сургуулийн 7-а ангийн сурагч БАЯРТ-УЧРАЛЫН АНУ 9 өрөг тоглож 6 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой 7 оноо авч Олон улсын чансаагаа 70,4 ахиулж Дэлхийн аваргын МӨНГӨН медалийн эзэн болсон байна.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Б.Ануд амжилт хүсэж мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм. Мөн энэ сарын 16-27-ны өдрүүдэд Итали улсын Монтэсилвано хотод зохиогдох өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Батболд багшийн удирдлаган дор Б.Ану 4 наснаасаа хичээллэж эхэлжээ. Одоо тэр бээр Dreamchess клубийн дасгалжуулагч Ч.Баттүвшин багшийн удирдлаган дор бэлтгэлээ хангаж байгаа ажээ.

Дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглолоо
Дүүргийн нутаг дэвсгэрт мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хориглоно.

Багануурын өсвөрийн усанд сэлэлтийн тамирчид хувийн амжилтаа ахиуллаа
Монголын Усан спорт сонирхогчдын холбооны нэрэмжит ”Ерөнхийлөгчийн цом-2024” усанд сэлэлтийн тэмцээн 11 сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Баянгол спорт хорооны бассейнд зохион байгуулагдаж тэмцээнд 27 клуб байгууллагын 494 тамирчин өрсөлдлөө.
Энэ удаагийн тэмцээнд Ш.Харцага дасгалжуулагчтай Багануур дүүргийн Засаг Даргын дэргэдэх усанд сэлэлтийн өсвөрийн шигшээ багийн 21 тамирчин оролцож дараах амжилтыг гаргалаа. Үүнд:
А.Амгалан дельфин сэлэлт 50м 2-р байр мөнгөн медаль
А.Цэц-Оюу мэлхий сэлэлт 50м 3-р байр хүрэл медаль
Ү.Ариунболор дельфин сэлэлт 200м 2-р байр мөнгөн медаль
И.Энхжин мэлхий сэлэлт 200м 3-р байр хүрэл медаль, өвөр сэлэлт 400м 3-р байр хүрэл медаль
Б.Гуамарал дельфин сэлэлт 200м 3-р байр хүрэл медаль тус тус хүртэж хувийн амжилтаа ахиулсан байна.
Тус тэмцээнд оролцсон баг тамирчдад дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн амжилт хүсэж, мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм.
Ташрамд дурдахад 2025 оны 02 сард Tailand, Bangkok улсад зохиогдох Азийн нээлттэй сургуулиудын тэмцээн, 04 сард усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан.
Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ.
Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилдэг бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагддаг.
Тодруулбал баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй хэрэглэгчдийн төлбөрийг тодорхой метр квадрат зааж хөнгөлөх бөгөөд 21.00 цагаас 06.00 цаг хүртэлх хэрэглэсэн цахилгаан хөнгөлөлтөд хамаарна.

“Байдлаг” хэсгийн тоглоомын талбайн тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4-р хорооны “Байдлаг” хэсгийн 1 дүгээр эгнээнд хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг “ИГ” ХХК 09 сарын 09-ны өдрөөс хийж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тохижилтын ажлын хүрээнд ногоон байгууламж, элсний волейболын талбай, мини хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам болон тоглоомуудыг байршуулаад байгаа бол гадна гэрэлтүүлэг, камержуулалтын ажлуудыг цаг агаар тогтуун байвал долоо хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгааг компанийн зүгээс танилцууллаа.

Оюуны спортын өсвөрийн дэлхийн аваргад Багануурын 6 тамирчин өрсөлдөнө
Дэлхийн Рэнжүгийн холбоо, Монголын Рэнжүгийн холбоо хамтран Япон улсын Элчин сайдын яам дэмжиж Рэнжүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг 2024 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай сургуулийн 1-4 дүгээр ангийн 6 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ.
Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн өсвөрийн тамирчдад дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн амжилт хүсэж, мөнгөн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад Рэнжү нь хөлөгт тоглоом бөгөөд Япон улсаас үүсэлтэй оюуны спорт аж. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1996 оноос хойш 2 жилийн давтамжтай зохион байгуулж ирсэн бөгөөд 12 дахь удаагийн тэмцээн 2018 онд Турк улсад болсноос хойш корона цар тахлын улмаас завсарлаж энэ удаа Монгол улсад зохион байгуулагдахаар болжээ.
Оюуны спортын төлөөлөл болж Дэлхийн аваргад оролцох гэж буй тамирчдад амжилт хүсье.

Багануур дүүрэг “Ногоон бүс” болох зорилт тавин ажиллаж байна
Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”, “Теле камерын хяналтын дэд төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй иргэд байдаг бол үүнээс 173 хүүхэд байна. Тэдгээр иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг авах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг төр захиргааны байгууллагаас өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өнгөрсөн 09 сард ашиглалтад оруулж өнөөдрийн байдлаар тус төвөөр 100 гаруй иргэд төрийн үйлчилгээ авчээ.
“Ногоон бүс” төслийн хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулсан.
Одоогийн байдлаар дэд төвийн засвар, тохижилт, серверийн тоног төхөөрөмжийн засвар, нийт камеруудыг шилэн кабельд холбож нэг цэгт төвлөрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа ба ирэх 11 сарын 15 гэхэд дээрх ажлууд хийгдэж дуусах юм байна.

