Эмэгтэйчүүдээ баярлууллаа
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүргийн төр захиргааны болон ААНБ, ахмад эмэгтэйчүүд, хувиараа бизнес эрхлэгч, зорилтот бүлгийн гээд салбар салбарын 300 гаруй эмэгтэйчүүдээ хүлээн авч, баярлууллаа.
Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны удирдлагууд хүрэлцэн ирж, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, баярт ирсэн бүсгүйчүүдэд улаан сарнай илгээснийг дүүргийн удирдлагууд, ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчид гардуулан өгсөн юм.
Баярын үйл ажиллагаанд ирсэн эмэгтэйчүүддээ гарын бэлэг, сонирхолтой лекц, урлагийн тоглолт, киног зориулж, бүсгүйчүүд маань оюунлаг, урлагийн ертөнцөөр аялан нэгэн үдшийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Мөн баярын үеэр Монгол улсынхаа хилээ хамгаалж буй цэрэг эрс болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа дүүргийн маань залуучуудаас хайртай эмээ, ээж, эгч, дүү нартаа цахим мэндчилгээ ирүүлснийг дэлгэцээр дамжуулан хүргэж, ээжүүд эмээ нарт нь гэнэтийн бэлэг барьсан нь сэтгэл догдлуулсан торгон агшин байсан юм.
Эмэгтэйчүүдээ баярлуулахад хамтран ажилласан Дэлхийн зөн Багануур ОНХ, Багануур дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны хамт олондоо #талархсанаа илэрхийлье.
“Надаас, танаас, биднээс эхлэлтэй” “харилцан хүндэтгэе” аян эхэллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян 2023.03.01-ний өнөөдрөөс үндэсний хэмжээнд “НАДААС, ТАНААС, БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ” уриатайгаар зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд дүүргийн ИТХ, ЗДТГ, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээ, Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур ОНХ-тэй хамтран дүүргийн хэмжээний жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх нөхцөл байдлыг хэлэлцэж, тогтолцоог тодорхой болгох, хариу үйлчилгээг сайжруулах зорилгоор “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулж, төрийн болон ТББ-уудын төлөөлөл нийт 46 албаны хүмүүс оролцсон юм.
Зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас 11 чиглэлийн үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87 хувьтай байгааг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
СҮҮЛИЙН ҮЕД ЗАЛИЛАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСӨЖ, ӨНГӨРСӨН 14 ХОНОГТ 30 ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
Цагдаагийн хэлтэст 49 дуудлага мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 12, зөрчлийн шинжтэй 37 дуудлага бүртгэгдэж, цагдаагийн хэлтсээс 3 гэмт хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Мөн иргэд онлайн худалдаагаар их хэмжээний мөнгө залилуулж, нийт гомдол мэдээллийн 41.6 хувийг залилах гэмт хэрэг дангаараа эзэлж байгааг тус хэлтсийн дарга дэд хурандаа Б.Эрдэнэбилэг мэдээллээ.
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 11 ХҮНИЙ АМЬ АВРАН ХАМГААЛСАН БАЙНА
Өнгөрсөн 14 хоногт аврах ажиллагааны 2 дуудлага хүлээн авч 11 хүний аварсан бөгөөд 6 том хүн, 5 хүүхэд байсан байна. Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж 5813 иргэнд мэдээлэл хүргэжээ.Мөн хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж баталгаат бус гармаар зорчихгүй байх, зориулалтын гарц, гарам, гүүрээр зорчих, шаардлагатай бензин шатахууныг сайтар нөөцлөх, цаг агаарын мэдээ мэдээллийг авч явах хугацааг сайтар тооцож шөнө оройн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг албанаас анхаарууллаа.
ИРЭХ 3 САРД ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Зөвлөгөөний үеэр дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд мэдээлэл хүргэлээ. Тухайлбал ирэх 3 сард 5 хорооны иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг хэллээ. Мөн ИТХ-ын төлөөлөгчид ирэх 7 хоногоос байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажиллах юм байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ САР ШИНИЙН ӨДРҮҮДЭД 159 ХҮНД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ
Сар шинийн өдрүүдэд эмнэлгийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 92 том хүн, 67 хүүхдэд тусламж үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн томуу, томуу төст өвчний халдвар буурах хандлагатай байсан ч сар шинийн өдрүүдэд нэмэгдсэн талаарх мэдээллийг ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр хэллээ.
Зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлийг Засаг даргын орлогч Б.Балжинням үүрэг болгосноор зөвлөгөөн өндөрлөлөө.
-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилгын насжилтад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх,
– Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах,
– Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
– Гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулж, сургуулийн автобусыг дахин 2-оор нэмэгдүүлсэнтэй холбоотой маршрутыг гаргаж хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлэх ажлыг эхлүүлэх,
– Нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмж муудсан самбар, хайс, хашлага зэргийг сайжруулж, цэгцлэх
– Онд дамжин хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, түүнд хяналт тавих
– Сууц өмчлөгчдийн холбоод орон сууцны дээврийн цас цэвэрлэгээг зохион байгуулах
– ЖДҮДТ-ийн харьяанд байгаа оёдлын цехийн үйл ажиллагааг эхлүүлэх