https://bnd.ub.gov.mn/wp-content/uploads/2023/06/ГТ-2022-ХШҮ.pdf


Тохижилтын ажил эхэллээ
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1 дүгээр хорооны 13, 14, 17, 18 дугаар байрны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг сэргээн засварлах ажлыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Эрхэтгүн харш констракшн ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан тохижилтын ажлыг эхлүүлээд байна.


Газар хөдлөлтийн гамшгийн дараагаар хаана хандах, ямар арга хэмжээг авах талаар мэдээлэлтэй байх шаардлагатай
Газар хөдлөлтийн гамшгийн дараагаар хаана хандах, ямар арга хэмжээг авах талаар мэдээлэлтэй байх шаардлагатай
Та бүхэн газар хөдлөлтийн дараа авах арга хэмжээнүүдийн мэдээлэлтэй танилцана уу.
https://belenbai.mn/ вебсайтаас газар хөдлөлтийн гамшгийн үед болон өмнө, дараа нь авах арга хэмжээний талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой.
Онцгой байдлын ерөнхий газар | Oyu Tolgoi


Газар хөдлөлтийн үед хүн хаана байгаагаас хамаарч авах арга хэмжээ
Газар хөдлөлтийн үед хүн хаана байгаагаас хамаарч авах арга хэмжээнүүд өөр байх учир нөхцөл байдалд тохирсон авах арга хэмжээнүүдийг мэддэг байх шаардлагатай.
Та бүхэн газар хөдлөлт болж байгаа үед авах арга хэмжээнүүдийн мэдээлэлтэй танилцана уу.
Болзошгүй газар хөдлөлтийн аюулаас сэрэмжлүүлэх, нийт иргэдийг эрсдэлээс хамгаалах, мэдээлэлжүүлэх үүднээс явуулж буй #бэлэн_бай аянд нэгдээрэй.
https://belenbai.mn/ вебсайтаас газар хөдлөлтийн гамшгийн үед болон өмнө, дараа нь авах арга хэмжээний талаар нэг дороос мэдээлэл авах боломжтой.
Онцгой байдлын ерөнхий газар | Oyu Tolgoi


Зарлан мэдээллийн дохиогоор 6 дугаар сарын 8-ны пүрэв гарагийн 16:00 цагт бүх нийтийн дадлага, сургууль зохион байгуулагдана
Иймд иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна.
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ
- Эхний дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээх,
- Хоёр дахь дохио дуугарахад: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах,
- Гурав дахь дохио дуугарахад: Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай
Аюулгүйн түр цугларах талбайн байршлыг дараах холбоосоор орж харна уу bit.ly/3BGKG3z


Стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.5% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЭНЭ САРЫН 8-НЫ ӨДРИЙН 16:00 ЦАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Батжаргал удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.
Стратегийн команд штабын сургууль 06-р сарын 07-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэнэ. Тус сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших, ослын удирдлагын тогтолцоо, баг бүрэлдэхүүний сургуулилалт зохион байгуулах юм байна.
Зургадугаар сарын 8-ны өдөр улс даяар 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.
Орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх юм байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ЭМТ-ийн хөнгөвчлөх тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрмж, засвар, тохижилтод БААН-үүдээ хамтран ажиллахыг уриалаад ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал:
- Зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцох.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл, чанар, стандартад сайтар хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д зургаадугаар сарын 9-11-нд “ICT EXPO-2023” арга хэмжээ зохион байгуулах тул бэлтгэл ажил болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ажлын уялдаа холбоо, аюулгүй байдлыг сайтар ханган ажиллах.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах
- Нийслэлийн хэмжээнд “Сити дашбоард” нэвтрүүлсэнтэй холбогдуулан дараах 3 модулиудад мэдээллүүдийг 7 хоног тутамд шинэчлэн оруулах. Үүнд
- Санхүү, төсвийн модуль,
- Хөрөнгө оруулалтын модуль,
- Аюулгүй байдлын модуль зэрэг ажлууд
- Нутгийн захиргааны байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлууд эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагуудад гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллах.
- Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл, санхүүгийн хувьд нийцлэл нь ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг нэгтгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.
- Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов.


Татвар төлөгч таны мөнгө энэ хогийг цэвэрлэхэд зарцуулагддаг болохыг санаарай
Өнгөрсөн 15 жилийн турш цугларсан хогийн цэгийг булах, хөрсөөр хучиж орчныг эрүүлжүүлэх ажлыг төр захиргааны байгууллага, Багануур ХК-тай хамтран зохион байгуулж, нөхөн сэргээх ажил хийгдэж дууссан билээ.
Хур хогийг цэвэрлэж, байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй ажлыг хамтын хүчээр дуусгаж байхад зарим УХАМСАР МУУ иргэдээс болж дахин цэвэрлэхээр болжээ. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд иргэд цэвэрлэсэн газарт ахуйн хогоо ил задгай хаясан байна.
Шинэ хогийн цэгт хаячих сэтгэлгүй, ухамсаргүй иргэдээс болж #ДАХИН хөрөнгө зарцуулж, та бидний төлсөн татварын мөнгө #ДАХИН энэ хогийг цэвэрлэхэд зарцуулагдах болоод байна.
БАЙГАЛЬ ОРЧИНД ХОГ ХАЯГДЛАА ХАЯХГҮЙ, ОРЧНОО БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ ГЭДГИЙГ УХАМСАРЛААРАЙ.
ТИЙМЭЭС ИРГЭД ТА БҮХЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛАЖ, ШИНЭ ХОГИЙН ЦЭГТ ХОГОО ХАЯХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.


2 дугаар хорооны байгууллагуудыг нэгдсэн халаалтын болон цэвэр усны системд холбож туршив
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 дугаар хорооны байгууллагуудыг нэгдсэн халаалтын болон цэвэр усны системд холбох ажлыг “Калдеротубо” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос эхэлж, 150 метр халаалт, халуун хүйтэн усны 5 хос шугамыг угсарч суурилуулан шахалтыг хийж туршлаа.
Уг шугам ашиглалтад орсноор алслагдсан хорооны байгууллагууд болох Хорооны ажлын байр, Халуун ус, 100 ортой цэцэрлэгийн барилгууд нэгдсэн халаалт, ус хангамжийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болох юм.


“Гүний овоо”-г тахилаа
Өнөөдөр 2023.06.04 буюу ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 15-ний билигт сайн өдөр тохиож Багануур дүүргийн нандин шүтээн “ГҮНИЙ ОВООГ” тахих ёслолын арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Багануур дүүргийн бурхан шашинтны төв Гүндү Ёндон Равжаалин хийд, Онцарейшилэнг хийд, Дашилхүнболин хийдтэй хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагаа 07:40 -09:40 хооронд луу цагт эхэлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, сүсэгтэн олон оролцож, Уул овооны лусын эзэд, савдаг тэргүүтнийг аргадан тахиж мөн орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл хэрэг бүтэмжтэй, зон олны хийморь лундаа өөдрөг, ажил үйлс, буян заяа, хишиг буяныг даатгах хурал номууд явж сүсэгтэн олон даган баяссан юм.
Энэ үеэр Их насны морь, Соёолон насны морьд уралдаж, Сур харваа болон хүчит 16 бөх барилдлаа.
Их насны морины уралдаанд:
Түрүү магнайд: М.Жамъянсүрэнгийн Хээр морь
Аман хүзүүнд: Б.Ганзоригийн Хонгор морь
Айргийн 3-т: О.Мөнхбаатарын Хүрэн морь
Айргийн 4-т: О.Амартүвшингийн Бор морь
Айргийн 5-т: Ц.Энхжаргалын Хүрэн халзан морь тус тус байр эзэллээ.
Соёолон насны морины уралдаанд:
Түрүү магнайд: М.Жамъянсүрэнгийн Хонгор халзан морь
Аман хүзүүнд: С.Үүрцайхын Хүрэн морь
Айргийн 3-т: Ш.Доржбатын Хул морь
Айргийн 4-т: С.Алтансүхийн Хар морь
Айргийн 5-т: Ч.Билгүүний Сартай зээрд морь тус тус байр эзэллээ.
Сур харвааны эрэгтэй төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Ж.Элбэгжаргал
2-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Б.Жаргалсайхан
3-р байр: Багануур дүүргийн Аймгийн мэргэн, Спортын мастер А.Мөнхтогтох нар тус тус байр эзэллээ.
Сур харвааны эмэгтэй төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер М.Мөнхцэцэг
2-р байр: Багануур дүүргийн Залуу харваач Ц.Мөнгөнсор
3-р байр: Багануур дүүргийн Аймгийн мэргэн, Спортын дэд мастер А.Алтанзул нар тус тус байр эзэллээ.
16 бөх барилдаанаас:
аймгийн арслан Д.Аззаяа түрүүлж, Улсын Идэр Өсөх начин Ч.Батчулуун үзүүрлэлээ. ИХ ШӨВӨГТ: аймгийн заан Э.Батбаяр, аймгийн начин Б.Гүррагчаа нар тус тус шалгарлаа.