Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулсан бөгөөд өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 10 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс зохион байгуулж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Өнгөрсөн 14 хоногт нийт 103 дуудлага бүртгэгдсэнээс 19 нь гэмт хэргийн, 84 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2023”, “Та татгалз”, “Нууцлал” зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар тус хэлтсээс нийт гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 19, оргодол 1, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 3, зөрчил үйлдсэн этгээд 6, шүүхээс даалгасан иргэн 13, оршин суугаа газраасаа алга болсон 10 иргэнийг шуурхай олж тогтоон ажилласан байна. Мөн Гүн-Ундарга ХХК-ийн уулзвараас 1-р хороо хүртэлх орон сууцны дундах замыг замын хөдөлгөөний нэг чигийн урсгалд оруулсан талаар Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг танилцууллаа.
Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд Хурандаа Г.Батжаргал: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тус хэлтэст объектын гал түймэр 1, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдаж, авран хамгаалах ажиллагааг зохион байгуулснаар 4 хүний амь аварчээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан пийшин зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Төлөвлөгөөт мэдээлэл өгсний дараа дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.
- Зам талбайн цас цэвэрлэгээнд онцгойлон анхаарч халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх
- Монгол туургатны яруу найргийн наадам дүүрэгт зохион байгуулагдахтай холбоотойгоор бэлтгэл ажлыг ханган онцгой анхаарч ажиллах
- Зам дагуу нүүрний эгнээнд үйл ажиллагаа явуулж буй хоёр дахь түүхий эд авдаг үйлчилгээний байршлыг шийдэх
- Сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон байрнуудын халаалтыг хэвийн болгоход онцгойлон анхаарах
- Оёдолчдын анхдугаар ур чадварын тэмцээн дүүрэгт зохион байгуулагдахтай холбоотойгоор бэлтгэл ажил сайтар хангах
- ЕБС-иуд цахим аппликейшн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх