Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 50 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 50 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-18, зөрчлийн шинжтэй-32 дуудлага бүртгэгджээ. Мөн 16 хүн эрүүлжүүлэгдэж, 8 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Түүнчлэн цахим орчинд иргэд онлайн худалдаа, залиланд өртөх магадлал өндөр байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД 31.359.920 ТӨГРӨГНИЙ ЭД ЗҮЙЛС, 1.685.000 ТӨГРӨГ ЦУГЛАРЧЭЭ
Малчдад тусламж, дэмжлэг олгох хүрээнд дүүргийн БААН-үүд, ОУБ-уудаас нийт 300 гаруй малчдад эхний ээлжид 29.2 тн, хорголжин тэжээл, 1200 шуудай хивэгийг тараахаар бэлтгэл ажил хийгдээд байна. Мөн маргааш буюу 2023 оны 02-р сарын 01-нд ИТХ-аас зохион байгуулсан дэм дэмэндээ аяны хүрээнд цугласан хандив тэжээлийг тараах ажил хийгдэнэ. Аяны хүрээнд 39 аж ахуйн нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгч болон иргэд оролцоод байна. Улаан загалмайн хороонд нийт 3352 нэр төрлийн 31.359.920 төгрөгний эд зүйлс, 1.685.000 төгрөг бэлнээр цуглараад байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЛСЫН ДУУДЛАГА ИХ ИРЖ БАЙНА
Дүүргийн ЭМТ-өөс өнөөдрийн байдлаар Улирлын томуу, томуу төст өвчин, ковидын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 01-р сарын 30-ны өдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 6.5 хувь, 103 дуудлагын 45.2 хувь, ӨЭМ-ийн үзлэгийн 7.1 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.1 хувиар томуу томуу төст авчин өссөн үзүүлэлттэй байна. Цаашид хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой өсөх үзүүлэлттэй байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж хэвших хэрэгтэй байгааг анхаарууллаа.
МАРГААШНААС МАЛЧДАД ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГИЙГ ХҮРГЭНЭ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуй хорооноос зохион байгуулж буй Малчдад туслах аянд идэвхтэй оролцож байгаа иргэд, БААН-үүддээ талархаж буйгаа илэрхийлсэн юм. Цаашид 5-р сар хүртэл малчиддаа үе шаттай тусмламжийг олгож ажиллана хэмээсэн юм. Үүний дараагаар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
-Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг 2-р сарын 5-наас эхлүүлэн Өргөө соёлын ордоны дотоод танхимд тавгийн идээ, бусад хүнсний болон ахуйн барааны худалдааг, Эм Жи төв /Сайн электроникс/-ийн гадна талбайд махны худалдааг зохион байгуулах,
-Гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулж, сургуулийн автобусыг дахин 2-оор нэмэгдүүлж, Хуцаа, сургалтын задгай, Рашаант, Жаргалант хэсгийн чиглэл, Хэрлэн, Байдлаг, Тогос-Уул, Их гүн, Бага гүн, Нарийн, Наран хэсгийн чиглэл, Хилчин, Замчин, Нугын тал, Талын толгой, Нарийн нуур чиглэл гэсэн маршрутыг гаргаж хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлэх бэлтгэлийг хангах,
-Нохой муурын устгалтай холбоотойгоор дүүргийн гэр хороололд орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх,
-Хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг зарим үйл ажиллагааг жишээ нь аавуудын баяр, миний сайхан ээж гэх мэт өнчин болон гэр бүлийн далд хүчирхийлэлд байж болзошгүй хүүхдийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзан үзэх, хүүхдийг бие бялдар, оюун ухааныг эрэмбэлсэн аливаа уралдаан тэмцээнийг таслан зогсоож, хүүхэд бүрд тэгш оролцоог хангах, хамтран суралцах, хөгжих боломжийг олгосон үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж ажиллахыг нийт боловсролын байгууллагууд болоод дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.