Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 85.7 хувьтай биелсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцуулснаар эхэлсэн.
Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн хугацаанд 6 дуудлага ирсэн бөгөөд үер усны аюулаас 5 хүний амь, 20 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Засаг даргаас өгсөн “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, далан сувгийн үзлэг шалгалтыг тогтмол явуулах” үүрэг даалгаврын хүрээнд үер усны далан суваг шугам, инженерийн байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулсан байна.
Цагдаагийн хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 78 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлагын 38.4 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж, сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгааг анхаарууллаа. Тодруулбал дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт 12 иргэн 31.137.000 төгрөг залилуулж хохирчээ. Цахим залилангаас урьдчилан сэргийлэхийг тус хэлтсээс анхааруулж байна.
Дээрх мэдээллийн дараагаар Эрүүл мэндийн төвөөс Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэж, тус өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхэд бүрийг 9 сартайд, 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулах, тухайн үед хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулж байгааг мэдээллээ.
Ногоон бүс зорилтын хүрээнд иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн хэмжээнд камерын хяналтын дэд төвийг байгуулж эхний ээлжинд Цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байсан 53 хяналтын камерийг ЗДТГ-ын Камерын хяналтын дэд төврүү нүүлгэн шилжүүлж, шилэн кабельд холбосон байна. Энэ ондоо багтаан бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар тус төвийн дарга Ц.Батбуян мэдээллээ.
Төлөвлөгөөт мэдээллийн дараагаар Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.