Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ ийн дарга Б.Туяа танилцуулсан бөгөөд 90.5 хувьтай биелжээ.
Цагдаагийн хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 54 дуудлага хүлээн авснаас 11 гэмт хэргийн шинжтэй, 43 зөрчлийн шинжтэй дуудлага бүртгэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 иргэний эрхийг хасаж, 6 жолоочийг дүүргийн шүүхээр баривчлуулж зам тээврийн ослоос учирч болох хор уршигаас урьдчилан сэргийлсэн байна. Тус хэлтсээс малын гоц халдварт Боом өвчин гарсантай холбоотойгоор 2 постонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Мөн өнгөрсөн 7 хоногт 2 удаагийн зам тээврийн ослын улмаас 5 хүн амь насаа алдсан бөгөөд ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хамгаалах бүс зүүгээгүй зэргээс үүдэлтэй тул аюулгүй байдлаа бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Онцгой байдлын хэлтэс аврах ажиллагааны 3 дуудлагаар ажиллажээ. Тодруулбал зам тээврийн ослын 2 дуудлагаар ажиллаж холбогдох байгууллагад шилжүүлж өгсөн бол 5 давхрын цонхоор толгойгоо гарган унаж болзошгүй бага насны хүүхдийг аюулгүй болгосон байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой Боловсролын хэлтсээс мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд 3 цогцолбор сургуульд 563 хүүхэд 1-р ангид элсэн суралцах бөгөөд цахим бүртгэл 51.5 хувьтай, 9 цэцэрлэгт 2284 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээс бүртгэл 79 хувьтай байгааг албанаас мэдээллээ. Багш ажилчдын эрүүл мэндийн үзлэг 96.5 хувьтай байна. Мөн Дизайн технологи /эрэгтэй/, Бага анги, Хөгжим, Биеийн тамир, Байгалийн ухаан (физик), Эмч, Хоол зүйч, хоолны технологич, Ахлах тогооч, Автобусны жолооч гэсэн сул ажлын байр байгаа юм байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт малын гоц халдварт Боом өвчин бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Мал эмнэлгийн тасгийн дарга Ц.Төмөрсүх мэдээлэл хийлээ. Боом өвчний голомт бүхий нутагт 39 өрхийн 7000-д мал байгаагаас 57 үхэр, 2 адуу нийт 59 мал хорогджээ. 2023 оны 08 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд дүүргийн 1,3,5 хорооны 13 өрхийн 3572 малыг Боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулсан бол нийтийн хэрэгцээнд худалдаалж байгаа мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг тогтмол явуулж байгаа юм байна.
Төлөвлөгөөт мэдээлэл хийгдсэний дараагаар дүүргийн Засаг даргаас дараах үүрэг чиглэлийг ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэхийг үүрэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудын тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, мөн тусгай зориулалтын авто машинаар парк шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/728 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
Дүүргүүд өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх.
Боловсрол цогцолбор сургуулийн сантехник халаалтын ажлыг эхлүүлж, ажлыг чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах.
СӨХ-д орон сууцны босоо шугам солих шаардлагатай байгаа айл өрхүүдийн судалгааг гаргаж, Багануур Ус ААТҮГ-т хүсэлтээ хүргүүлж, үе шаттай солих ажлыг эхлүүлэх.
Ирэх 7 хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажил хангах.
Оюуны Эрин цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны хажуугийн шороон замыг тэгшлэх ажлыг зохион байгуулах,
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт малын гоц халдварт Боом өвчин бүртгэгдсэнтэй холбоотой дүүрэгт хяналт, шалгалтыг тогтмол хийх.
Иргэдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч бүртгэлжүүлэх утсыг нээж, ажиллуулах.