Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 13 үүрэг даалгавар 89,6 хувьтай хэрэгжжээ.
Цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хянамгай байя-2024” тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд цахим залилах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх: Дүүргийн Боловсролын хэлтэс, нэгдүгээр хорооны ажлын алба, “Кандун” Их сургуулийн захиргаатай хамтран ахлах ангийн сурагчидтай 09 сарын 29-ны өдрийн 12.00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд уулзалт зохион байгуулах бөгөөд уулзалтаар Солонгос улсад мэргэжлээрээ ажиллаж туршлагажих, хэрхэн амжилттай суралцах зэрэг мэдээллийг хүргэх юм.
Дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Дүүргийн Засаг даргын тамгын газар, И-Монголиа УТҮГ-ын Цахим ур чадварын газартай хамтран иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Цахим иргэн” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дүүргийн иргэдээс суурь судалгааг авч сургалтын хөтөлбөрийг гаргаж, сургагч багшийг бэлтгэн ажиллаж байгааг Насан туршийн суралцахуйн төвөөс мэдээллээ.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах
-Автозам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах, ухсан нүх, эвдэрч гэмтсэн автозам, явган зам талбайг нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих
-Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудын нүхэн жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулах
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчны тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, хяналт тавьж ажиллах
-Дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч гэмтсэн хайс хашаа, самбарын судалгааг гаргаж, цэгцлэх ажлуудыг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж ажиллах
-Давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.