Энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр Багануур Цахилгаан механикийн үйлдвэр, Мэдээлэл холбооны сүлжээ, Боловсрол ЦС, Багануур тохижилт, Багануур ус ААТҮГ, Хорих анги сул орон тооны ажлын байрны захиалга авч, ХХҮХ ажил хайж буй иргэдийг бүртгэх, зуучлах үйлчилгээг үзүүллээ.
Өдөрлөгийн үзэсгэлэнд дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй суран эдлэлийн Уран бүргэд брендийн сурталчилгаа, хүнс, газар тариалан, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн болох ногоо, цагаан идээ, гар урлал, дээл, гутал үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдаа зохион байгуулагдсан.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга оролцож хэлсэн үгэндээ:
Ажлын байрны талаарх мэдээлэл хаалттай, нам улс төрөөр ялгаварлан ажилд авдаг гэх гомдол санал цөөнгүй гарч, энэ байдлыг засч залруулахыг шаардаж байсан. Өнгөрсөн хугацаанд байгууллага, ААН-үүдэд нээлттэй байх чиглэлийг өгч ажилласнаар иргэдэд мэдээллийг нээлттэй болгосон, гэсэн ч зарим талаар алдаа дутагдал байсаар байна. Үүнийг бид цаашид ч анхаарна.
Өрхийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, мэдээ, мэдээлэл авах “Багануур” цахим аппликейшныг шинээр гаргаж, иргэд бүх төрлийн үйлчилгээний мэдээ, мэдээлэл авах боломжийг нээнэ. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн зах зээл, хэрэглэгчийг нэмэх нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцон ажиллаж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Гэрэлт ирээдүй” МСҮТ-ийн хамт олон, сурагчдыг оролцуулж байна. Цаашид дүүргээс урт болон богино хугацаат чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг энэ төвөөр дамжуулан ХХҮХ-тэй хамтран зохион байгуулна. Дүүргийн зүгээс сургалтын орчин нөхцөл, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана. Ингэснээр дутагдалтай боловсон хүчнийг шинээр сургаж, ажлын байранд зуучлах, ажилтан албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулна. Эдгээр дэвшүүлсэн зорилтоо ирэх жилийн хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгөөр хэрхэн хэрэгжиж, үр дүнд хүрч чадсан талаар тайлан мэдээллээ тавьж ажиллах болно хэмээв.
Өдөрлөгт ажил хайж буй иргэдийг ажлын байраар ханган ажилласан Багануур ус ААТҮГ-т хуулийн урамшууллын батламжийг олгож, Дэлхийн зөн ОУБ-аас цэцэрлэгийн хүнс хангамжид экологийн цэвэр бүтээгдэхүүн 2 дахь жилдээ нийлүүлж байгаа Энх сүү ХХК, дүүргийн иргэдийг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоогоор олон жил тасралтгүй хангаж байгаа иргэн Г.Дагиймөнх нарт талархал гардуулсан юм.
Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа өдөр бүр иргэдэд шинэ хүнсний бүтээгдэхүүнээр ханган үргэлжлэх бөгөөд дараах үнээр борлуулагдаж байна.
Төмс 800-1000 төг
Лууван 2000 төг
Байцаа 1000 төг
Сонгино 2000 төг
Манжин 1000 төг
Хүрэн манжин 3000 төг
Улаан лооль 8000-10000 төг
Ногоон лооль 5000 төг
Өргөст хэмх 5000 төг
Сармис 15000-25000 төг.