Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэхүү тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Нийслэлийн хэмжээнд 2023 он II ээлжийн цэрэг татлага өрнөж байгаа бөгөөд Багануур дүүргийн цэрэг татлага Гүн Галуутай цогцолбор сургууль дээр явагдаж байна.
Дүүргийн II ээлжийн цэрэг татлагын арга хэмжээг нээж Дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг “Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” иргэн бүрийн үндсэн үүргээ ёсчлон биелүүлж, цэргийн албаа хаахад хэзээд бэлэн байдаг “Цэргийн насны залуучууд” та бүхэн жил бүрийн ээлжит цэрэг татлагаар эх орныхоо өнцөг булан бүрээс ирж, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн ангид хуваарилагдан нэг хамт олон, найз нөхөд болж цэргийн эрдэмд шамдан суралцан, цэргин дүрэмт хувцсаар ижилсэн жигдрэн жагсаж, “Цэргийн тангараг” өргөн эр цэрэг, эх орны хүү болон төлөвшин цэргийн албаа нэр төртэй хаана гэдэгт Багануур дүүргийн ард иргэд, дүүргийн ЗДТГ-ын удирдлага, хамт олон итгэл төгс байгааг илэрхийлэхэд таатай байна” хэмээлээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.