Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн улс орон даяар зохион байгуулагддаг. Гурван үе шаттай тус тэмцээнд шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.
Ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 13-нд тохиох бөгөөд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа болох юм.
Анхан шатны тэмцээнийг 11 сарын 28-ны өдөр дүүргийн ИТХ болон “Төр Монгол” шатрын клуб хамтран зохион байгуулж нийт 28 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлджээ.
Анхан шатны тэмцээнээс дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд оролцоно. Харин нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн ирэх сарын 14,15-ны өдрүүдэд болж нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгарч, шигшээ тэмцээнд оролцох бол шигшээ тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, аваргыг тодруулах юм.
Ташрамд дурдахад шигшээ тэмцээнээс медаль хүртсэн шатарчин шатрын спортын дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрхтэй болно. Уг тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ), Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог аж.