Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.5% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР НҮҮН ШИЛЖИХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЭНЭ САРЫН 8-НЫ ӨДРИЙН 16:00 ЦАГТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Батжаргал удирдлагуудад мэдээлэл хүргэлээ.
Стратегийн команд штабын сургууль 06-р сарын 07-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэнэ. Тус сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх, олон улсын жишиг загварыг нэвтрүүлэх, турших, ослын удирдлагын тогтолцоо, баг бүрэлдэхүүний сургуулилалт зохион байгуулах юм байна.
Зургадугаар сарын 8-ны өдөр улс даяар 16:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.
Орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийх, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар хүндрэлүүд учрах, түүнийг хэрхэн шийдэх, нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх юм байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛАА ЭРЧИМЖҮҮЛНЭ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ЭМТ-ийн хөнгөвчлөх тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрмж, засвар, тохижилтод БААН-үүдээ хамтран ажиллахыг уриалаад ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал:
- Зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцох.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл, чанар, стандартад сайтар хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д зургаадугаар сарын 9-11-нд “ICT EXPO-2023” арга хэмжээ зохион байгуулах тул бэлтгэл ажил болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ажлын уялдаа холбоо, аюулгүй байдлыг сайтар ханган ажиллах.
- Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах
- Нийслэлийн хэмжээнд “Сити дашбоард” нэвтрүүлсэнтэй холбогдуулан дараах 3 модулиудад мэдээллүүдийг 7 хоног тутамд шинэчлэн оруулах. Үүнд
- Санхүү, төсвийн модуль,
- Хөрөнгө оруулалтын модуль,
- Аюулгүй байдлын модуль зэрэг ажлууд
- Нутгийн захиргааны байгууллагууд эхний хагас жилд төлөвлөсөн ажлууд эрчимжүүлж, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж, дээд шатны байгууллагуудад гаргадаг тайлан, мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллах.
- Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл, санхүүгийн хувьд нийцлэл нь ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг нэгтгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.
- Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов.