Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран дүүрэгт олон улсын стандарт хангасан хөлбөмбөгийн талбай байгуулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нь дүүргийн удирдлагууд болон дүүргийн хөлбөмбөгийн салбар холбоо, Багануурын уурхайн төлөөллүүд Төв аймаг дахь сургалтын бааз болон Яармагт баригдаж буй хөлбөмбөгийн талбайг газар дээр танилцаж, хамтран ажиллах талаар саналыг солилцлоо.
Яармаг дахь хөлбөмбөгийн талбайг нийт 5.6 тэрбум орчим төгрөгөөр барьж ашиглалтад оруулж байгаа ба 500 хүний суудалтай тамирчдын амрах байр гэх мэт хэрэгцээ шаардлагыг хангасан барилга бүхий цогцолбор юм байна. Мөн сургалтын бааз нь нэг ээлждээ 70 тамирчин, дасгалжуулагч хүлээн авч, бэлтгэл сургуулилтыг хийх боломжтой байна.
Дүүргийн Засаг даргын зүгээс цаашид дүүрэгт бусад орон нутгаас ирж буй болон өөрийн тамирчдыг хүлээн авах болон сургалт, бэлтгэл хийх орчныг бүрдүүлж ажиллах зорилтыг тавьж хэрэгжүүлэх, түүнчлэн Яармагт баригдсан талбайн стандартаар хөнгөн атлетик, хөлбөмбөг, регби гэх зэрэг олон төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Энэ талаар зураг төслийг яаралтай хийж, төсвийн боломждоо тулгуурлан үе шаттай бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдгээ хэлэв. Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж бидний зүгээс Багануур дүүрэгтэй зөвлөх үйлчилгээ, зураг төсөлд бүх талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд болон Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, спортын салбарын үйл ажиллагааны зорилтыг МХБХолбоо дэмжин, “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг 2021 онд боловсруулсан. Үүний хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хөл бөмбөгийн стандарт талбайтай болох зорилгыг тавин ажиллаж байна.