Дулааны станц, цахилгаан түгээх компаниудын хооронд үүссэн өр төлбөрийн улмаас цахилгааны хязгаарлалт хийгдсэнээр өчигдөр халуун ус тасарч, иргэдийг багагүй бухимдуулсан.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт, Багануурын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариун-Эрдэнэ нар болон холбогдох ажилтнуудтай уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр дулааны станцын санхүүгийн албаны дарга Б.Наранбаатар дулааны станц санхүүгийн хүнд байдалд байгаа. 9 тэрбум төгрөгийн орлого, 12 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж байна.
Нэг талдаа нийт хэрэглэгчдийн 80 орчим хувийг айл өрх эзэлж байгаа ч одоогийн тарифаар айл өрхөөс орлогын 20 хувь л бүрдэж байна.
Энэ нь үнэ тариф айл өрх дээр маш бага байгаатай холбоотой. Энэ шалтгаан нөхцлөөс манай байгууллага 2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх тайлбарыг өгсөн.
Станцын ерөнхий инженер А.Лхамсүрэн: Алдагдал гол нөлөө үзүүлж буй асуудал бол тоног төхөөрөмж хэт хуучирсан, эвдрэл гэмтэл ихтэй, засвар үйлчилгээний зардал өндөр. Энэ бас станцын хэвийн найдвартай ажиллагаанд муугаар нөлөөлж байна.
БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт: Станцын хүндрэлтэй байдлыг ойлгож байна. Гэхдээ нөгөө талдаа манай компанийн авлага 900 гаруй сая төгрөгөөр нэмэгдэж, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Манай талаас өр авлагаа хэрхэн ямар цаг хугацаанд барагдуулах вэ гэдэгт зөвшилцөж харилцан тохирч, гэрээний үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа юм. Засаг даргын хэлсэн менежмент, санхүүгийн тооцоолол хийх, түгээлт, борлуулалтын асуудлаа цаашид ямар нөхцлөөр явах вэ гэдгийг станцын удирдлагууд одооноос судалж үзэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийллээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Та бүхний нөхцөл байдлыг ойлгож байгаа ч энэ байдлаараа цаашид үргэлжлээд асуудал шийдэгдэхгүй явах юм уу, эсхүл илүү алсыг харсан бодлого, менежментийг хэрэгжүүлэх үү гэдэг сонголтонд Дулааны станцын удирдлагууд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон. Хэдий та бүхний үйл ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй ч гэсэн дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамаатай учраас дүүргийн Засаг дарга анхаарлаа хандуулахаас өөр гарцгүй. Иймд дүүргийн зүгээс холбогдох яам, газарт санал хүсэлтээ ямар байдлаар илэрхийлж, ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ? Харин Дулааны станцын удирдлагууд цаашид санхүүгийн хүндрэлтэй байдал, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн ажиллах вэ? Тэгэхээр дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэл, дамжуулалтаа хариуцаад түгээлт борлуулалтаа орон нутагт шилжүүлбэл эдийн засгийн болон бусад үндсэн үйл ажиллагаа сайжрах эсэх асуудлыг ойрын хугацаанд судалж үзмээр байна. Багануур дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлж, ашиглалтанд орох хүртэл энэ станцын их урсгал засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтанд тусгаж хэрэгжүүлэх, үнэ тарифын өөрчлөлтийн зохист харьцааг хангах, алдагдлыг бууруулах чиглэлээр ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй байна. Дүүргийн зүгээс та бүхэнд хуулийн хүрээнд дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.