Дүүргийн 132-р цэцэрлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд нийт 49 багш ажилтантайгаар 2 болон 4 дүгээр хорооны 3 салбарт 8 бүлгийн 214 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгожээ.
Тус цэцэрлэг нь 2022 оноос эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаандаа “Цаас” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хаягдал цаасыг дахин боловсруулж, бэлэн болсон цаасыг сургалтад хэрэглэж хэвшсэн байна.
Анх энэ санааг тухайн цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц.Онцбаяр санаачилсан бол багш ажилчид дэмжиж, хамтдаа хэрэгжүүлэхээр болсон нь өдгөө цаасан урлалаар үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрсэн байна. Тэд цаасаар маш олон сонирхолтой, үзэсгэлэнтэй зүйлсийг хийж, хүүхдүүд өөрийнхөө гараар бүтээл урлахдаа их сонирхолтой байдаг талаар багш нар хэлж байлаа.
Мөн эко учраас хүүхдэд сөрөг нөлөө байхгүйгээс гадна, эцэг эхчүүдийн санхүүд хөнгөлөлт үзүүлдэг байна. Тус цэцэрлэг нь цаашлаад цаасыг дахин боловсруулах энэхүү аргыг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.