2023.10.11-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Г.Наранчулуун болон УЦУОШГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг дундын отрын бүсийн захиргаа, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн ХХААГ-ын удирдлага, төлөөлөл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал сум, Төв аймгийн Баяндэлгэр сум, Багануур дүүргийн Засаг дарга нар ажиллалаа.
Энэ үеэр УИХ-аас аймаг дундын отрын бүсийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, малчдад учирч буй хүндрэл бэрхшээлийг судалж санал боловсруулж танилцуулах ажлын хэсгийг томилсон бөгөөд тус тосгоны иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонссон. Сум, тосгоны удирдлага болон нутгийн иргэдээс отроор ирсэн малчид бууцаа цэвэрлэдэггүй, малын сэг зэмийг устгадаггүй, зөвшөөрөлгүй мод тайрч, унагаадаг, хориотой ан хийдэг, нутгийн иргэдийн өвөлжөөний газар, бэлчээрт зохисгүй ханддаг, вакцинжуулаагүй мал оруулдагаас халдварт өвчин гарч байгаа талаар хэлж, отрын бүсийн захиргааг татан буулгаж, газрыг чөлөөлөх саналыг гаргаж байлаа.
Үүний дараа Аймаг дундын отор тэжээлийн бүсийн орон тооны бус зөвлөл хуралдаж, хүсэлт ирсэн аймаг, дүүргүүдэд малын тоо толгойн квотыг хэлэлцэн тохирсон юм. Энэ өвөл газрын гарц хэдий сайнгүй байгаа ч хил залгаа сумдаас гадна манай дүүрэгт 20000 хонин толгойд шилжүүлсэн толгой мал, Төв аймагт 20000, Дорноговь аймагт 10000 толгой мал оторлуулах зөвшөөрлийг олголоо. Мөн хугацаандаа отрын бүсийг чөлөөлөөгүй, зарим заавар журмыг зөрчсөн орон нутгийн малчдыг дахин отрын бүсэд оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.