Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны нээлтийг хүүхдүүдийн төлөөлөл, одонтой ээжүүд Эх үрсийн талбайгаас баярын парадаар эхлүүлж, дүүргийнхээ төв замаар ёслол төгөлдөр алхан Их зохиолчийнхоо талбайд хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг дүүргийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, угтан авч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд мэндчилгээ дэвшүүлж, дохионы орчуулагч М.Амина ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд дохионы хэлээр орчуулан хүргэлээ. Түүнчлэн нээлтэд дуулсан дуу бүрийг мөн дохионы хэлээр орчуулан хүргэснээрээ онцлог байлаа.
НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД уриатайгаар “Монгол Хүүхдүүд” сэдвийн дор зохион байгуулж буй хүүхдийн баярын үйл ажиллагаанд нийт 340 гаруй хүүхдүүд урлагийн тоглолтыг бэлтгэн толилуулж, дүүргийн болон улс орныхоо нэрийг Ази тив, дэлхийд цуурайтуулсан тамирчин сурагчид, сурлага хөдөлмөрөөрөө үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдыг дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зүгээс урамшуулж, алдар гавьяаг нь дуудан алдаршуулж, 360 гаруй хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.