Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 14 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 91.2 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцууллаа.
Нийт 39 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-16, зөрчлийн шинжтэй-23 дуудлага бүртгэгджээ. Мөн зогсоолын бус газар, ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслээ байрлуулсан жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгч дахин ийм зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авч ажиллажээ.
Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймэр-4, аврах ажиллагааны-4, ой хээрийн гал түймэр-1 дуудлага бүртгэгдэж 12 хүний амь насыг авран хамгаалжээ. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр химийн хорт болон аюултай бодис ашигладаг 10 байгууллагад болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалтыг зохион байгуулсан байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын цаг ашиглалт, хоцролт зэрэгт хяналт шалгалт хийх
- 2021 оноос хойш магадлалаар орсон зураг төсвийн ажлуудын мэдээллийг нэгтгэж нийслэлийн ЗДТГ-т хүргүүлэх
- Цагдаагийн постын хажууд байрлах цахилгааны АКП шинээр солихтой холбогдуулан тооцоо судалгааг гаргаж, холбогдох газарт бичиг хүргүүлж ажиллах
- Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудад “Green zone”-д хамрагдах шалгуурыг боловсруулж, ”А” үнэлгээ авч ногоон түвшинд хүрсэн, холбогдох стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хяналт шалгалтаас чөлөөлж, Нийслэл хотын албан татварын 2 хувиас чөлөөлөх асуудлыг судалж танилцуулах.
- Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаатай холбогдуулан худалдаа эрхлэгчдийн зүгээс үнэ тарифын талаар гарсан саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх,
- “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд дүүрэгтэй холбоотой саналаа тусгаж хүргүүлэх,
- “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгт дүүргээ төлөөлж оролцох тамирчдыг дэмжиж, бэлтгэл ажлыг сайтар хангаж, идэвхтэй хамруулж оролцуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/96 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “Нэгдүгээрт хүүхэд” аянд нийт байгууллагууд идэвх санаачилгатай оролцох зэрэг үүрэг даалгавар өглөө.