Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүргийн төр захиргааны болон ААНБ, ахмад эмэгтэйчүүд, хувиараа бизнес эрхлэгч, зорилтот бүлгийн гээд салбар салбарын 300 гаруй эмэгтэйчүүдээ хүлээн авч, баярлууллаа.
Баярын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төр захиргааны удирдлагууд хүрэлцэн ирж, баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар мэндчилгээ дэвшүүлж, баярт ирсэн бүсгүйчүүдэд улаан сарнай илгээснийг дүүргийн удирдлагууд, ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчид гардуулан өгсөн юм.
Баярын үйл ажиллагаанд ирсэн эмэгтэйчүүддээ гарын бэлэг, сонирхолтой лекц, урлагийн тоглолт, киног зориулж, бүсгүйчүүд маань оюунлаг, урлагийн ертөнцөөр аялан нэгэн үдшийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.
Мөн баярын үеэр Монгол улсынхаа хилээ хамгаалж буй цэрэг эрс болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа дүүргийн маань залуучуудаас хайртай эмээ, ээж, эгч, дүү нартаа цахим мэндчилгээ ирүүлснийг дэлгэцээр дамжуулан хүргэж, ээжүүд эмээ нарт нь гэнэтийн бэлэг барьсан нь сэтгэл догдлуулсан торгон агшин байсан юм.
Эмэгтэйчүүдээ баярлуулахад хамтран ажилласан Дэлхийн зөн Багануур ОНХ, Багануур дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны хамт олондоо #талархсанаа илэрхийлье.