Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан.
Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм.
Өнөөдөр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэнтэй Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбох юм.