Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллага 2012 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгэмд эдгээр хүмүүсийн тухай Даун Синдром гэж юу болохыг таниулах, зөв мэдлэг мэдээллээр хангах зорилготой юм.
Яагаад 3 дугаар сарын 21 бэ гэхээр Даун Синдром гэдэг нь өөрөө 21 хромосомын хослол, өвөрмөц хөгжил юм.
Ингээд энэ өдөр дэлхийн хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж бид нэг ижил хүмүүс гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлдэг. Тэдгээр хүүхдүүдэд бид та нартай адилхан гэдгээ илэрхийлж байна гэсэн үг.
Даун синдром бол өвчин биш. Эдгээр хүүхдүүд маш найрсаг, дулаан сэтгэлтэй, үргэлж инээж бусдад инээмсэглэл бэлэглэдэг, дэндүү сайхан сэтгэлтэй тийм хүүхдүүд байдаг. Тэднийг дуртай, чаддаг зүйлээр нь хөгжүүлхэд маш сайн амжилт гаргадаг төдийгүй гоц авьяастай байх нь элбэг байдаг. Тэд бол хаана ч байхгүй хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс.
Гадаад үзэмжээр нь тэднийг ялгаварлан гадуурхах, цэрвэх үзэгдэл биднийг Монголд байх үед элбэг ажиглагддаг байсан. Энэ постоороо би уриалмаар байна. Бид бүгд ижилхэн ХҮМҮҮС. Тэдний хүсэл мөрөөдөл, тэдний баярлах, гуниглах сэтгэл бүгд бидэнтэй ижил.
Дан ганц Даун синдром гэлтгүй Хөгжлийн бэрхшээл хэмээх цол зүүдэг хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн хэзээ ч биднийг ойлгооч, биднийг өрөвдөөч гэж нийгмээс хүсдэггүй. Тэд чадах чинээгээрээ бусдад төвөг болохгүйг хичээн амьдарцгаадаг.
Нийгмийн зүгээс тэдний сэтгэлийг шархлуулахгүй, хавчин гадуурхахгүй, нийгмийн харилцаанд эелдгээр хүлээн зөвшөөрч хамтдаа хөгжих нь хамгийн наад захын хүнлэг чанар юм.