2024 оны 10-р сарын 27-ны өдрөөс 11-р сарын 5-ны өдрүүдэд Грек улсын Родос хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 53 орны 245 шатарчин оюун ухаанаа уралдуулжээ.
Тэмцээний 1700 хүртэлх чансаатай шатарчдын эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Багануур дүүргийн тамирчин Сод сургуулийн 7-а ангийн сурагч БАЯРТ-УЧРАЛЫН АНУ 9 өрөг тоглож 6 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой 7 оноо авч Олон улсын чансаагаа 70,4 ахиулж Дэлхийн аваргын МӨНГӨН медалийн эзэн болсон байна.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Б.Ануд амжилт хүсэж мөнгөн дэмжлэг үзүүлсэн юм. Мөн энэ сарын 16-27-ны өдрүүдэд Итали улсын Монтэсилвано хотод зохиогдох өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Батболд багшийн удирдлаган дор Б.Ану 4 наснаасаа хичээллэж эхэлжээ. Одоо тэр бээр Dreamchess клубийн дасгалжуулагч Ч.Баттүвшин багшийн удирдлаган дор бэлтгэлээ хангаж байгаа ажээ.