Өдгөөгөөс 98 жилийн тэртээд буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Тэр цагаас хойш 11 дүгээр сарын 26-ны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн ирсэн ба өнөөдөр бид 98 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү өдрийг бид Төрийн албан хаагчдын баярын өдөр болгон тэмдэглэсээр багагүй хугацаа өнгөрөөд байна.
Улс тунхагласны өдрийг тохиолдуулан баярын хурлыг зохион байгуулсан бөгөөд урилгаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөргийг нь дээдлэн залах тухай 159 дүгээр Зарлигийн дагуу төрийн байгууллагуудад Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулан өглөө.
Мөн төрийн жинхэнэ албанд хамгийн олон жил ажилласан Шүүхийн Тамгын газрын дарга, эрхэлсэн түшмэл Б.Эрдэнэбаяр, хамгийн залуу төрийн албан хаагч болох дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Шижир-Од нар алба хаагчдад сэтгэгдлээ хэлсэн юм.
Энэ үеэр салбартаа тэргүүлж ажилласан зарим эрхмүүдэд шагнал гардууллаа. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, суралцах, зөв хэрэглэх, уламжлалт бичиг соёлтой Монгол хүн гэдгээрээ бахархах, олон нийтэд сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг-Үнэт өв” сэдэвт уралдаан зохион байгуулсан бөгөөд уг уралдааны 1-р шатны шалгаруулалтад 110 төрийн албан хаагч оролцсоноос шилдэг 8 цэвэр бичигтэнг шалгаруулж, 2-р шатанд 4 оролцогчдод шагналыг гардууллаа.
Тодруулбал:
-ТЭРГҮҮН байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Гадаад хэлний багш Б.Азбилэг,
-ДЭД байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Г.Ганцэцэг,
-ГУТГААР байранд Оюуны эрин цогцолбор сургуулийн Англи хэлний багш Д.Батцэцэг,
-ДӨТГӨӨР байранд Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нар тус тус шалгарлаа.
ТА БҮХЭНДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.