Хүүхдийн автобус ирэх сарын 1-нээс үйлчилж эхэлнэ
Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд дүүрэгт хүүхдийн автобусыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн билээ.
Өнөөдөр дээрх автобусыг Оюуны Эрин цогцолбор сургуульд хүлээлгэн өглөө. Учир нь Оюуны Эрин цогцолбор сургуулийн бага сургууль гэр хороололд байдаг утгаараа ийнхүү шийдвэрлэжээ. Цаашлаад сургуулийн автобусны чиглэл, маршрутыг боловсруулан ирэх сарын 1-ний өдрөөс үйлчилгээнд гаргах юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Өнгөрсөн хугацаанд дүүрэг орон нутгийн зүгээс цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудалд бодлого барьж ажилласнаар хүртээмжийг нэмэгдүүлж, тодорхой хэмжээний үр дүнд хүрч, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж харьцангуй бололцоотой болсон. Анх 2013 онд дүүрэгтээ хүүхдийн автобусыг явуулах ажлыг туршилтаар хэрэгжүүлж байсан бол энэ удаад нийслэлийн хэмжээнд бодлогоор ийнхүү шийдвэрлэж байгаа нь сайшаалтай байна” гэлээ.
Тодруулбал гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулсан, 52 хүүхдийн суудалтай энэхүү автобус нь олон улсын стандарт шаардлага болоод хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ.