Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бүс нутагт ажилласан юм. Энэ үеэр Багануур дүүргийн 1-р хорооны малчин М.Лхагвадаш гуайн өвөлжөөнд очиж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Багануур дүүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос ирүүлсэн тусламжийг малчид болон мал бүхий иргэдэд шуурхай хүргэх ажлын талаар Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн танилцуулж, өвөл, хаврын энэ цаг үед бэлэн байдлаа хангаж, малчдад туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.
Энэ үеэр Улсын онцгой комисс болон Багануурчуудын хандив, тусламжийг ОБХ-ийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал, 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэн нар М.Лхагвадаш гуайн гэр бүлд гардуулж өгсөн юм.