Багануур дүүргийн хэмжээнд ойролцоогоор усны тоолуур 11000 орчим, цахилгаан эрчим хүчний тоолуур 9000 орчим, ШТС-ын 75 тоолуур, худалдаа, үйлчилгээний газрын жин хэмжүүр 60 гаруй, дулааны тоолуур 50 орчим, даралтын хэмжүүр манометр багагүй байдаг.
Эдгээрийн усны хэрэглээг хэмжих, усны тоолуурын хугацаа дуусах, эвдрэх гэх зэрэг асуудалд оршин суугч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд УБ хот руу 2-оос доошгүй удаа очин тоолуураа баталгаажуулж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрэх зэргээр багагүй хүндрэл бэрхшээлтэй учирдаг байсан юм.
Энэ чирэгдэл учруулдаг асуудлыг шийдвэрлэхийн тулд Засаг даргын зүгээс саяхан “Багануур ус” ААТҮГ-т лабораторийн өрөө тасалгааг шинээр байгуулж, усны тоолуурын стенд төхөөрөмжийг суурилуулан, туршилт тохируулгыг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан юм.
Түүнчлэн усны тоолуурын туршилт, тохируулга, засвар үйлчилгээ хийх чадвартай ажилтныг СХЗГ-ын сургалтад хамруулж, дүүрэгтээ усны тоолуур баталгаажуулах нөхцөлийг бүрдүүллээ.
Өнөөдөр буюу 2023.10.05-ны өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт хэмжил зүйн газарт дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ус ААТҮГ-ын захирал Ж.Энхбат нар дүүрэгтээ усны тоолуурыг баталгаажуулах болон бусад асуудлаар уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр, тус газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн дарга Ч.Содном, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл, Хэмжих хэрэгсэл, шалгалт баталгаажуулалтын газрын дарга н.Баярхүү нар оролцож дараах ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт, түүний ач холбогдол, үр нөлөө, ойлголт хандлагыг танилцуулж, сурталчлах өдөрлөгийг ойрын хугацаанд дүүрэгт хамтран зохион байгуулах,
Жин хэмжүүрийн судалгаа, тооллогыг орон нутагт хамтран зохион байгуулах
Хуучин МХХ-ийн харьяанд ашиглагдаж одоо СХЗГ-т харьяалагдах лабораторийг өргөжүүлэх, байрны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах
Өөрийн хүний нөөцдөө тулгуурлан Багануурт Улсын шалгагч байнгын болон хугацааны давтамжтай ажиллах асуудлыг тус газраас шийдвэрлэх болон Улсын шалгагчийн ажиллах нөхцөлийг ханган нэн шаардлагатай албан эд хогшил, тоног төхөөрөмжөөр дүүргээс хангаж ажиллах
Дүүрэгт стандарт хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад тохирлын гэрчилгээ олгох замаар СТАНДАРТ ХАНГАСАН АНХНЫ ДҮҮРЭГ болох зорилтыг дэвшүүлж хамтран ажиллах саналыг зөвшилцлөө.