Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 64 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 64 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-20, зөрчлийн шинжтэй-44 дуудлага бүртгэгджээ. Мөн 17 хүн эрүүлжүүлэгдэж, 12 хүн жолоодох эрхээ хасуулсан байна.Цагдаагийн хэлтсээс согтуугаар тээврийн хэрэгсэл барихгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
ШАР УСНЫ 4 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст обьектийн гал түймэр-1, аврах ажиллагааны- 1, шар усны- 4 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ жил дүүргийн нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд орж байгаагүй их хэмжээний цас орсон юм. Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл үүсч байна. Иймд иргэдийг суваг шуудуу ухан голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, үерийн аманд буухгүй байх, зөвшөөрсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
ЭЭЛЖИТ БУС XXIII ХУРАЛДААНААР ДҮҮРГИЙН 83 ЭХИЙГ ЭХИЙН АЛДАР I,II ЗЭРГИЙН ОДОНД, 21 ИРГЭНИЙГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛД ДЭМЖИН УЛАМЖЛАХААР БОЛЛОО
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус XXIII хуралдааны мэдээллийг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм танилцууллаа. Хурлаар 3 асуудал хэлэлцэж, дүүргийн 83 эхийг эхийн алдар I,II зэргийн одонд, 21 иргэнийг төрийн дээд шагналд дэмжин уламжлахаар болж, 2023-2025 оны дүүргийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд 6 дэд бүлгийн хүрээнд 31 ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлэхээр тусгаж, усны аюулгүй байдлын 2019-2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт 78.5 хувьтай хэрэгжсэн талаар танилцууллаа.
ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ИРЭХ 7 ХОНОГТ ХУРАЛДАНА
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Жил болгоны 4-р сард иргэдийн нийтийн хурлаа хуралдуулдаг. Үүний дагуу хорооны Засаг дарга нарын ажлын тайлан, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооны цагдаа, СӨХ-үүдийн тайланг сонсож, иргэдэд мэдээлэл хүргэх гэж байна. Энэ үеэр холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцож, иргэдэд мэдээлэл хүргэхийг үүрэг болгосон юм.
2023 ОНЫ ИРГЭДИЙН ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Шуурхай зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Оюунцэцэг иргэдэд төвсийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажилд иргэд саналаа өгөх боломжтой талаар гарын авлага бэлтгэн хүргэж буйг танилцууллаа. Уг гарын авлагыг ЗДТГ, Азийн нөхөрлөл ТББ, бусад байгууллагууд санхүүжүүлэн иргэдэд хүргэх юм.
Ингэснээр орцоороо, гудмаараа, хороо, дүүргээрээ нэгдэн төсвийн хөрөнгөөр чухал ажлуудаа иргэд өөрсдөө захиалан хийлгэх боломж бүрдэх юм. Иргэдийн ая тухтай байх орчин, дүүргийн бүтээн байгуулалтад иргэн бүрийн оролцоо чухал.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
–Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах,
–Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбайн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах,
-Инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээхдээ “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавих ерөнхий шаардлага”-ыг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зэрэг нийгэм, соёлын ажлуудаа эрчимжүүлж ажиллах,
-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг хангасан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын судалгааг гаргаж, хүртээмжийг сайжруулах зөвлөмж боловсруулан хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр, шинээр бий болсон, байхгүй болсон болон сул чөлөөтэй /байнгын, түр, цагийн/ ажлын байрны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд, сурталчлах, ажлын байранд зуучлах, ажил, мэргэжлийг чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг өгөх ажлуудаа эрчимжүүлж, нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж нийслэлийн Удирдлагуудад танилцуулах.
-Нийслэлийн Татварын газраас орлого бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган нийслэлийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх,
-Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудаа эрчимжүүлж, шалтгаан нөхцөлд нь дүн шинжилгээ хийж, танилцуулахыг тус тус үүрэг болголоо.