Халамж хүртэгч зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн мөнгөн тэтгэмж, тусламж үзүүлдэг хэт нэг талыг барьсан бодлогоос татгалзаж, нийгмийн халамж шаардлагатай өрх, иргэдийг чадавхжуулах, тэдний хэрэгцээнд нийцсэн шинэ төрлийн үйлчилгээг бий болгох үүднээс Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөтөлбөр хамтран “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” хөтөлбөрийг “Хамтдаа хөгжье” уриан дор 2023.03.29-өөс 2024.04.01-нийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн үеэр Засаг дарга С.Даваасүрэн: “Та бидний хамтран хэрэгжүүлэх Хамтдаа хөгжье аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдаж буй өрхүүд идэвх санаачилга, оролцоотой, хариуцлагатай байж, хөрөнгө оруулалтаар өгсөн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, тогтмол орлоготой болж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлсэн, төслийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагууд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн өрхийн хөгжлийг дэмжин хамтран ажиллахыг хүсье” гэлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа иргэдийн хандлага эергээр өөрчлөгдөн, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэн, өрхийн хөгжлийн түвшин ахисан, өрхийн гишүүд ажлын байртай, тогтмол орлоготой болсон байх юм.