Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 43 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 43 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-11, зөрчлийн шинжтэй-32 дуудлага бүртгэгджээ. Мөн 20 хүн эрүүлжүүлэгдэж, 8 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан нийт бие бүрэлдэхүүн нэгдсэн эргүүл шалгалтаар ажиллаж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-д хяналт тавьж, мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч нийтийн хэв журам сахиулан ажиллаж байна.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 19 ИРГЭНИЙГ АВРАВ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 4 удаагийн дуудлага хүлээн авч, обьектын гал түймэр-1, аврах ажиллагаа-3 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 19 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байх, баярын өдрүүдээр иргэд ААНБ-ууд цахилгаан ашиглалтад анхаарч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
ДҮҮРГИЙН МАЛЧИДДАА ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Дүүргийн ИТХ-ын ээлжит 20 дугаар хуралдаан 12-р сарын 16-ны өдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн баталлаа.Энэ оны хувьд Багануур дүүрэг 3 удаа төсвийн тодотгол хийсэн бөгөөд энэ удаагийн тодотголын хувьд дүүргийн 2-р хороонд баригдаж энэ онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан 288-р цэцэрлэгийн барилга гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалан ашиглалтад ороогүй тул тус цэцэрлэгийн байр ашиглахтай холбоотой тогтмол зардалд хуваарилсан 48001,9 мянган төгрөгийг 132-р цэцэрлэгийн ашиглалтын зардалд хуваариллаа.
2023 оны дүүргийн татварын орлогын төлөвлөгөөг 11,678.0 сая төгрөг, татварын бус орлогыг 1,609.3 сая төгрөг нийт 13,287.3 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгаж батлуулсан ба төсвийн урсгал зардлын төсөлд дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагын бүх албан хаагчдын үндсэн цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, эрчим хүчний зохицуулах хорооны 504, 523 дугаар тогтоолуудын хүрээнд цахилгааны тариф дундажаар 40%, дулааны тариф дундажаар 37 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан хэсгийн ахлах нарын урамшууллын зардлыг нэмж тусгасан.
Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн бол 2023 онд гэр бүлийн хэрэгцээнд 3 байршилд 288176 м2, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 1 байршилд 2000 м2, дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлж, ашиглуулах 2 байршилд 2550м2, байршил өөрчлөх 1 байршилд 5000 м2, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд авсан газрыг газраар нөхөн олгох 1 байршилд 1000 м2 талбай олгохоор дэмжсэн.
Төрийн дээд шагналд гавьяат дасгалжуулагч цол-1, хөдөлмөр гавьяаны улаан тугийн одон-1, алтан гадас одон-3, хөдөлмөрийн хүндэт медаль-13 нийт 17 иргэнийг дэмжиж уламжилхаар болсон бол дүүргийн 2022 оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг хэлэлцэн шалгарууллаа.
Хурлын даргын зүгээс 2023 оны төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудын зүгээс идэвхи санаачлагатай, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дүүргийн хэмжээнд нэлээдгүй цас орж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул ИТХурал дахь Байгал, орчин хөдөө аж ахуйн хорооноос гаргасан дүүргийн малчин ард иргэддээ туслах ХАНДИВЫН АЯНЫГ нэг сарын хугацаатай өрнүүлэн, ЗДТГ-с малчид, мал бүхий иргэд рүү чиглэсэн тусгайлан хийх ажлын төлөвлөгөө гарган Зөвлийн хурлаар танилцуулан онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө” гэсэн юм.
ЭНЭ САРЫН 23-НД НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболдын зүгээс байгууллагын удирдлагуудад ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулах дараахи ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу 2022.12.23-ны өдрийн 14:00 цагт ЗДТГ-ын 219 тоот танхимд Нийтийн Сонсгол зохион байгуулах
ИТХ-ын Байгаль орчин, Хөдөө аж ахуйн хорооны санаачилгаар дүүргийн хэмжээнд цас ихээр орж өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах хандивын аянд ААНБ-ууд идэвхитэй хамрагдах
УИХ-ын гишүүн С.Амарсайхан , УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байгууллага ААН-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад зориулан зөвлөгөөн зохион байгуулах
2022.12.26 өдөр Дүүргийн ИТХ-ын Ээлжит бус XXI хуралдаанаар 2022 оны дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд санал авах болон холбогдох хөтөлбөрүүдийг батлах тухай
Хүйтний эрч чангарч, хуучин оны сүүл, шинэ оны босгонд мэргэжлийн байгууллагууд өвлийн ачаалал, хүн хүчний нөөцөө зөв хувиарлан, төлөвлөлтөө сайтар хийж, аливаа эрсдэлгүй ажиллах зэргээр байгууллага ААН-ийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
ЭНЭ САРЫН 25-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Багануур дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: “2023 оны I улирлын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур 1 дүгээр сард олон жилийн дунджийн орчим харин 2,3 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. 1-3 дугаар саруудад орох хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
Зудын эрсдлийн үнэлгээнээс харахад Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь “нэн их эрсдэлтэй” бүсэд хамрагдаж байна. Ялангуяа 2-р хороо, Хуцаа, Нарийний ам зэрэг газруудыг онцгой анхаарах шаардлагатай байна. Цасны дундаж зузаан хээрийн бүсэд 25 см хээрийн бүсэд 22 см, говийн бүсэд 18 см буюу түүнээс дээш үед цаг агаарын аюулын түвшинд хүрсэн гэж үздэг” гэлээ.
СУРАГЧДЫН АМРАЛТААР ХҮҮХДҮҮДИЙГ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх.
-Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.
-Үлдэж байгаа хугацаанд байгууллагууд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлээ бүрэн хэрэгжүүлж дуусгах, 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд нь гарган батлуулах.
-Байгууллагууд 2022 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж ажиллах.
-Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
-Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавиж ажиллахыг т
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.