Дэлхийн Рэнжүгийн холбоо, Монголын Рэнжүгийн холбоо хамтран Япон улсын Элчин сайдын яам дэмжиж Рэнжүгийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг 2024 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай сургуулийн 1-4 дүгээр ангийн 6 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ.
Оюуны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцохоор бүртгүүлсэн өсвөрийн тамирчдад дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн амжилт хүсэж, мөнгөн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Ташрамд дурдахад Рэнжү нь хөлөгт тоглоом бөгөөд Япон улсаас үүсэлтэй оюуны спорт аж. Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1996 оноос хойш 2 жилийн давтамжтай зохион байгуулж ирсэн бөгөөд 12 дахь удаагийн тэмцээн 2018 онд Турк улсад болсноос хойш корона цар тахлын улмаас завсарлаж энэ удаа Монгол улсад зохион байгуулагдахаар болжээ.
Оюуны спортын төлөөлөл болж Дэлхийн аваргад оролцох гэж буй тамирчдад амжилт хүсье.