Багануур дүүрэгт 3 хотхоны төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд бараа материалын хомсдол, үнийн өсөлт, хилийн боомтын үйл ажиллагаа, цемент үйлдвэрлэл доголдсоноос шалтгаалж, барилгын компаниудад хүндрэл учирч, цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон. Харин энэ жилээс дээрх хүндрэлтэй нөхцөл байдал сайжирч, барилгын ажлууд хэвийн үргэлжлэх боломжтой болж байна.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн орон сууцны төслийн талбайд ажиллаж, барилгын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар тодрууллаа.
Энэ үеэр Засаг дарга дүүргийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүргэсэн бөгөөд дараах тайлбар мэдээллийг өгснийг та бүхэнд сонордуулъя.
ГЕОКАНОН ТӨВ ХХК-ИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БҮХИЙ 240 АЙЛЫН “ГОЛДЕН ПАЛАС” ХОТХОН
Энэ оны 4-р сарын 28-ны өдрөөс ажил эхэлсэн. Одоогоор 20 орчим хүн ажиллаж байна. Шаардлагатай материалын татан авалтууд хугацаандаа хийгдсэн.
Нийт 10 давхар 60 айл бүхий 4 блок барилгын 2-р блокын цутгалтын ажил ирэх долоо хоногт 10-р давхар, техникийн давхрын цутгалт авснаар дуусна.
1-р блокын цутгалтын ажил зоорийн давхар бүрэн авсан ба 2-р блок цутгалт дууссанаар эхэлнэ.
2-р блокын дотор ханын өрлөгийн ажил, цонх суулгах ажил, цэвэр ус, дулааны босоо шугамын ажил хийгдэж байна. Үргэлжлэн бохирын болон цахилгааны монтажийн ажил хийгдэнэ.
ДУУРСАХ ТАУЭР ХХК-ИЙН 116 АЙЛЫН “УУРХАЙЧИН-2” ХОТХОН
Ажил хэвийн үргэлжилж байгаа ба 30 орчим хүн ажиллаж байна. Заслын материалын татан авалт бүрэн хийгдсэн. Нийт 5 давхар 2 блок бүхий 116 айлын орон сууцны эхний 66 айлын 1-р блокын барилгын ажил дуусах шатанд явж байна. Энэ зун 50 айлын орон сууцтай 2-р блокын ажлыг эхлүүлэх ба удахгүй гадна тохижилтын ажлаа эхлүүлж, 8-р сар гэхэд эхний блокоо ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Гадна болон дотор цэвэр ус, дулаан, бохирын шугамын ажлууд, цонх, хаалга суурилуулалтын ажил, гадна фасад дээврийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогоор цахилгааны монтаж, дотор заслын ажлууд явагдаж байна.
СЭТЭРТ ГРУПП ХХК-ИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БҮХИЙ 300 АЙЛЫН “ХААН РЕЗИДЕНС” ХОТХОН
5-р сарын 1-ны өдрөөс ажил эхэлсэн. 20 орчим хүн ажиллаж байна.
Нийт 12 давхар 60 айл бүхий 5 блок хотхон. Өнгөрсөн амралтын өдөр 1-р блокын 3-р давхрын цутгалт авсан. Одоогоор цамхагт краны суурийн ажил, 4-р давхрын хэв хашмал угсрах ажлууд явагдаж байна. Бетон зуурмагыг Налайх дүүрэгт байрлах Бүрд ХХК-ийн зуурмагын үйлдвэрээс авч байна.
Дүүргийн Засаг даргаас орон сууцны өдөрлөгийг дүүрэгт зохион байгуулж, нийтийн болон амины орон сууц, тохижилт, ногоон байгууламж, явган замын хавтан, барилгын материал, эко соруулдаг жорлонгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэх юм.
Энэ үед дээрх компаниудын хэрэгжүүлж буй төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.