Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.
Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.
Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд
Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт 647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай. Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болжээ. Энэ онд л гэхэд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна.
Хотын дарга тус дүүргийг орон сууцжуулах бодлого баримтлах, авто замын шинэ трассыг төлөвлөх, хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна
УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр:
-Манай албанаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх 2024 онд 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Тодруулбал, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлт 95, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт 99, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, арчлалт, засвар үйлчилгээ 100 хувь, хот тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний замын ажил 94, нийтийн бие засах газрын үйлчилгээ 84 хувьтай хувийн хэвшилд шилжээд байна. Аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр байгууллагуудад хөрөнгө оруулалтын зээл авах, боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг үр дүн гарсан хэмээлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Багануур дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Багануур дүүрэгт захиалагчийн хяналт тавьж байгаа 15 ажил бий. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажил. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Ажлын явц 30 хувьтай байна. Угсралтын ажил эхэлсэн. Аравдугаар сард багтаан ажлыг дуусгахаар төлөвлөж байна гэв.
“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хүрээнд таван чиглэлээр 20 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх гэх мэт сургалт зохион байгууллаа. Мөн эхийн эндэгдлийн ноцтой тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулснаас гадна дүүргүүдэд Өсвөр үеийн кабинетууд байгуулсан. Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг утаат болон электрон тамхидалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүй” аяны бэлтгэлийг хангаж байна гэлээ.
Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
- Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагууд энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шуурхай бригадыг бэлэн байлгах,
- Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
- Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх,
- Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа эрчимжүүлэх,
- Хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл, шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
- Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
- Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах зэрэг үүрэг өгөв.