Соёлын яам, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ЖДҮҮДТ хамтран “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” цогц арга хэмжээг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээнд Монгол хувцас, арьс ширэн урлал, зээгт наамал, уламжлалт оёдол, ноолууран зулмал зураг, мужаан, дархчуудын урлал зэрэг Монголчуудын өв уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний дахин давташгүй ховор нандин дээжийг танилцуулан, сурталчилж байна.
Манай дүүргийг төлөөлж авдар урлаач Г.Одбаяр, даалин урлаач Н.Ганцэцэг, метал сийлбэр, хөөрөг урлаач Б.Бат-Эрдэнэ, эсгий урлаач Ч.Болортуяа, сүлжмэл урлаач Д.Наранханд нарын бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдэж байна. Мөн дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон ЖДҮДТ-ийн дарга Г.Баянмөнх нар тус үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байна.
Монголын уламжлалт хосгүй үнэт өв уламжлалаа тээн хөгжүүлж яваа урлаачдын үзэсгэлэн Улаанбаатар хотын Корпорейт Конвеншн центрийн танхимд 11-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр үзэж, сонирхохыг урьж байна.