Насан туршийн суралцахуй нь хүний хөгжлийг тасралтгүй хангах амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжилд чухал үүрэгтэй. Тус төв нь өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэн 2024-2025 оны хичээлийн жилээ угтаж байна.
Энэ хичээлийн жилд Боловсролын яамнаас Насан туршийн суралцахуйн чиглэлээр нэг зорилго, таван зорилтыг тодорхойлсон бол тус төв нь “Иргэн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон боловсрол эзэмших нөхцөл, тэгш боломжийг бүрдүүлэх, технологийн дэвшилд суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талын оролцоо түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах” эрхэм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Ташрамд дурдахад өнгөрсөн хичээлийн жилд 16 төрлийн 2426 цагийн сургалтад 17925 иргэн, ахмад настан, хүүхэд багачууд, залуучууд хамрагджээ. Мөн дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтран “Алхам алхмаар” төсөл, “Эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл хүүхэд” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний асран хамгаалагчдад зориулсан олон төрлийн хөтөлбөр, өдөрлөг, сургалтыг зохион байгуулж байна. Харин 2024 онд дүүргийн Засаг даргын дэмжлэгээр “Цахим иргэн” төслийг E-Mongolia академитай хамтран хэрэгжүүлж, эхний ээлжийн сургагч багш бэлтгэх сургалтаа хороодын хэсгийн ахлагч нарт явуулахаар амжилттай эхлүүлж байна.