Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд болон Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, спортын салбарын үйл ажиллагааны зорилтыг МХБХолбоо дэмжин, “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг 2021 онд боловсруулсан.
Энэхүү “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, өөрийн ивээл дор авч, илгээлт гарган, улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Үүний хүрээнд дүүрэгт МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХолбооны ерөнхийлөгч М.Болдоор ахлуулсан тус холбооны удирдлагууд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн “Нийтийн хөл бөмбөг” хөгжүүлэх илгээлтийг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Багануур хар алмаз” клубийн эзэн Д.Түвшинжаргал нарт гардуулан өгсөн юм.
Мөн өсвөр үеийн хөл бөмбөгийн тамирчид болон Багануур ХК-ийн шигшээ багийн тамирчидтай уулзалт хийж тус компанийн алдрын танхимтай танилцлаа.
МХБХолбооноос дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчдын цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж спортын хэрэглэл материалын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм.