Монгол Улсын УИХ-н гишүүн, Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар Багануур, Багахангай, Налайх дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “МИНИЙ БҮТЭЭЛ–МИНИЙ ИРЭЭДҮЙ” шилдэг төсөл шалгаруулах уралдаан өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус төслийн уралдаанд 77 бүлгийн 2100 орчим хүүхэд оролцож, 160 гаруй төсөл ирүүлснээс
Нэгдүгээр байрт Налайх дүүргийн 103 сургуулийн 11а бүлгийн Б.Баасандулам ахлагчтай “Стандарт боловсрол” төсөл
Хоёрдугаар байрт Налайх дүүргийн 103 сургуулийн 10б ангийн Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай “Эрүүл орчин”төсөл
Гуравдугаар байрт Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн 10б ангийн Б.Аминаа ахлагчтай “Жаргалтай номын сан” төсөл тус тус шалгарлаа.
Мөн Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 12а бүлгийн Б.Эрдэнэбат ахлагчтай “Eco-Friendly school”, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 11а ангийн Г.Ариунжаргал ахлагчтай “Tapio’s Study room” төслөөрөө 4, 5 дугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Энэхүү шилдэг төсөл шалгаруулах уралдаан нь 2023.03.01-ний өдрөөс эхэлж 3 сарын хугацаанд үргэлжилж, төсөл бичих зааварчилгаа, төслийн нэгдсэн уулзалт, төслийн сонсголын шат гэсэн үндсэн 3 шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд хүүхдүүдийн хувьд төсөл бичих арга, аргачлалд суралцсанаас гадна аливаа зүйлийн гарц шийдлийг олохоор зорьж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж өгсөн нь илүү өгөөжтэй байсныг төсөлд оролцсон сурагчид хэлж байлаа.
Төслийн шалгаруулалтад оролцсон нийт хүүхдүүддээ амжилт хүсье. Амжилт бол өнөөдрийн та нарын барианд хүрээд хүртэх гэж буй цом, шагнал биш. Харин түүнд хүрэхээр тэмүүлсэн энэ өдрүүд, хамтдаа бүтээсэн аялал чинь юм шүү. Баярлалаа.
Эх сурвалж: Шадар_сайдын_ажлын_алба