Багануур дүүргийн цусны салбар төв нь анх 1988 оны 11-р сарын 02-нд районы нэгдсэн эмнэлгийн иж бүрэн байгууламжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, 1992 оноос бие даасан Цусны станц болсон байна.
2000 оноос Цусны салбар банк болж, 2017 оноос Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар техник хэрэгслийн шинэчлэл хийгдэн Цусны салбар төв болон өргөжжээ.
Манай дүүргийн цусны салбар төв нь дүүргийн болон тойргийн сумдын хүн амын аюулгүй байдлыг хангаж, 10 гаруй нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, нөөцийг бүрдүүлж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Дээрх үйл ажиллагааг дэмжин дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр цусны төвийн тохижилт, шаардлагатай техник хэрэгслээр ханган Засаг дарга С.Даваасүрэн хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн жилээс цусны донор гэр бүл, хамт олныг шалгаруулдаг уламжлалыг бий болгон энэ жил Багануур ХК-ийн Эрчим хүчний хэсгийн П.Ононгол даргатай өндөр хүчдлийн шугамын хэсгийн хамт олон, 3-р хорооны иргэн Н.Эрдэнэ-Очирын гэр бүл шалгарсан байна.
Дүүргийн хэмжээнд 460 бүртгэлтэй цусны донор байдгаас 175 донор идэвхтэй байгаа юм.
Дүүрэгт өөрийн цусаа 70-аас дээш удаа буюу Хүрэл донор нэг байгаа бол хүндэт донор энэ жил 4 донор шинээр болзлоо хангаж, нийт 40 донортой болж байна.
Иргэд та бүхнийг сайн дураар цусны донорын эгнээнд нэгдэж, бусдад амьдрал бэлэглээрэй хэмээн #уриалж байна.