Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 96.6 хувьтай биелжээ.
Тодруулбал:
Өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал: Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаны төлөөллүүд 05 дугаар сарын 19-ний өдөр дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Мөн 288, 194 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж улмаар 228 дугаар цэцэрлэгт 113,964,700 төгрөгийн тоног төхөөрөмж, тавилга, зөөлөн эдлэл, 194 дүгээр цэцэрлэгт 17,000,000 төгрөгийн Steam хөтөлбөрийн тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүний асуудлыг шийдвэрлэсэн.
“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг дүүргийн хэмжээнд 05 дугаар сарын 17, 24-ний өдрүүдэд зохион байгуулж 74 байгууллага өөрийн эзэмшлийн 50 метр болон хуваарьт 53 байршилд 9590 ширхэг мод бутыг тарьсан байна. Багануур ХК-иас 6000 ширхэг Хайлаас, Улиас, Бургас модны үрсэлгээг хороодод өглөө. 1.2.4 хороо тус бүр 500, 3-х хороо 300, 5-р хороо 1000 үрсэлгээг иргэдэд өгчээ.
Гэр хорооллын эвдрэл гэмтэлтэй, шавар шавхайтай гудамжийг засварлах ажлыг Багануур тохижилт ААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд 5 дугаар хорооны Нарийн хэсгийн 22,23 дугаар гудамжны хөрсийг 40-50 см хуулж 1520м/куб дайрга асгаж тэгшилсэн бол 1 дүгээр хорооны Хуцаа хэсгийн 1,2,4,7 дугаар гудамж, Сургалтын задгай хэсгийн 1-6 гудамж, 235 дугаар цэцэрлэгийн урд тал, 5 дугаар хорооны Бага гүн хэсгийн 2-6 дугаар гудамжийг засварлаж нийт 4 машин буюу 84м/куб хайргыг асгаж тэгшилж индүүдсэн талаар мэдээлэл хийгдлээ.
2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр дүүргийн нандин шүтээн “ГҮНИЙ ОВОО”-г тахих ёслолын арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын хэлтэс, Соёлын ордон, “Багануур тохижилт” ААТҮГ, дүүргийн үндэсний бөхийн холбоо болон морин спорт, уяачдын холбоод хамтран зохион байгуулах талаар ИТХ-ын дарга П.Төгөлдөр танилцууллаа.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 06 дугаар сарын 07-ны өдөр хороодын иргэдтэй улирал тутмын уулзалт хийж, 11:00–16:00 цагийн хооронд иргэдээс санал, хүсэлт хүлээн авах, хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах ажил зохион байгуулагдах юм байна.
Хуралдааны төгсгөлд Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын дарга нар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж арга хэмжээ авах.
8, 9-р байрны дундах гэрлийн шонг зөөх ажлыг зохион байгуулах.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилгын суурь болон хаяавчны ажлын санал, хүсэлтийг яаралтай ирүүлэх.
Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулахад онцгойлон анхаарах.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны бэлтгэлийг хангаж, тогтоолыг 5-р сарын 30-ны өдөр хурлын даргад гардуулах.
Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлгэлд онцгой анхаарч, шаардлага хангахгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх.
5-р сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар дүүрэгт ажиллаж, ипотекийн зээлийн талаар мэдээлэл өгөхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг сайтар хангах.
Шинжлэх ухаан технологийн сургуультай хамтран “Багануур дүүргийн нэвтэрхий толь” эрдэм шинжилгээний бүтээл боловсруулах ажилд ач холбогдол өгч ажиллах.
6-р сарын иргэдийн уулзалт, сонсголын үеэр эрүүл мэндийн салбарын мэдээллийг иргэдэд хүргэх.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэн бүр хашаандаа мод тарих санаачилгын дагуу, тарьсан модоо ургуулж арчилж иргэдийг урамшуулах журмыг боловсруулах ажлын хэсгийг байгуулах.
“Эрдэнэс үйлдвэр технологийн парк”-аас зохион байгуулж буй “Олборлолтоос боловсруулалт руу” өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэж, боловсруулах үйлдвэрийн чиглэлээр “Би инженер” танилцуулгыг зохион байгуулах ажлыг анхаарах.