Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”, “Теле камерын хяналтын дэд төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй иргэд байдаг бол үүнээс 173 хүүхэд байна. Тэдгээр иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, сэтгэл зүйн хэрэгцээт үйлчилгээг авах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийг төр захиргааны байгууллагаас өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан өнгөрсөн 09 сард ашиглалтад оруулж өнөөдрийн байдлаар тус төвөөр 100 гаруй иргэд төрийн үйлчилгээ авчээ.
“Ногоон бүс” төслийн хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны теле камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулсан.
Одоогийн байдлаар дэд төвийн засвар, тохижилт, серверийн тоног төхөөрөмжийн засвар, нийт камеруудыг шилэн кабельд холбож нэг цэгт төвлөрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа ба ирэх 11 сарын 15 гэхэд дээрх ажлууд хийгдэж дуусах юм байна.