Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан дүүргийн төр захиргааны байгууллагаас ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх “Дуулах өдөр-Дуун цэнгүүн” арга хэмжээ зохион байгууллаа. Багануур дүүрэг нь нийт 3659 ахмад настан байдаг бол хамгийн өндөр настай ахмадын хувьд 98 настай ахмад байна.
Энэхүү арга хэмжээний үеэр дүүрэг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3-р хорооны ахмад настан Б.Өвгөнхүү, Алтан гадас одонгоор 2-р хорооны ахмад настан Ж.Лхамаа, 3-р хорооны ахмад настан Б.Мядагмаа нарыг төрийн дээд одон медалиар шагналаа.
Мөн “Сонгодог соёл од” клубийн уран бүтээлчид болох МУГЖ Б.Нармандах, МУГЖ ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин Д.Долгормаа, Бүх цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа, Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын дуучин МУСТА О.Анхбаяр нар хүрэлцэн ирж ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж уран бүтээлийнхээ дээжээр бэлэг барилаа.
Дашрамд дурдахад Багануур дүүргийн ахмадын хороо нь ажил үйлсээрээ нийслэлийн тэргүүний ахмадын хороогоор 4 удаа, өнгөрсөн онд Монголын шилдэг ахмадын хороогоор шалгарч байсан шилдэг ахмадын хороо юм.
Ахмад буурлууддаа эрүүл энх, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.