Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр дүүргийн “Үйлдвэр технологийн парк” ОНӨТҮГ, “Хэрлэн” худалдааны төв, “Mecec” компанийн гангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм.
“Үйлдвэр технологийн парк” ОНӨТҮГ-ын зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулсан бөгөөд тус байгууллага нь 614 га газар, газрын улсын чанарын хянан баталгаа гаргаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гадна инженерийн шугам сүлжээний иж бүрэн зураг төсөл, үйлдвэрийн албан конторын барилгын зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгууллагын стратеги төлөвлөгөө, ХААИС, УХЭШХ, ШАУИС, ШУТИС, МУИС-тай санамж бичиг, гэрээг байгуулан ажиллажээ.
Өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” худалдааны төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. “Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг. Энэ жилийн цэвэр ашиг болох 9 сая төгрөгөөс 34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг энэ үеэр Я.Нэргүй хэлсэн юм. Мөн 2020 онд нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэгдэж байжээ.
Мөн дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлж буй “Месес” компанийн гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор жилд 60 мянган тн доргионы тэсвэртэй барилгын ган туйван үйлдвэрлэх бөгөөд улсын хэмжээнд хэрэглэх арматурын 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж, арматурын импортыг тодорхой хувиар бууруулах юм. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компанийн хамт олон үйлдвэрийг энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулна гэлээ.
Энэ үеэр “Багануур тохижилт” ААТҮГ-т тоног төхөөрөмж сайжруулах ажлын хүрээнд явган зам талбай цэвэрлэдэг хоёр ширхэг тоног төхөөрөмж, “Үйлдвэр технологийн парк” ОНӨТҮГ-т автомашин, албан конторын барилгын засварын ажил хийгдэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн дүүрэгт дараах ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа. Үүнд:
-Дагуул хот байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Ингэснээр цаашид засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид байсан чиг үүргүүдээ дагуул хот руу шилжүүлснээр татвараа төвлөрүүлж, хот нийтийн аж ахуйгаа төлөвлөдөг, гэр хорооллоо орон сууцжуулах зэрэг эрхүүд үүсэж байгааг онцоллоо.
-Дүүрэгт 200 мвт цаг гаргадаг батарей станц байгуулах тендер зарлаж байна.
-Алслагдсан дүүргүүд рүү том оврын автобусыг тогтмол явуулах чиглэлийг өгч ажиллаж байна.
-Ирэх зургаадугаар сарын нэгнээс зам цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын тоног төхөөрөмжийг сайжруулж, цалингийн хэмжээ 3,5 сая төгрөгөөс дээш болно.
Харин дүүргийн удирдлагуудаас дэд бүтцийн зураг төсөв, “Багануурын залуус” ААТҮГ-ын дэргэдэх “Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагааг хэвийн явуулах буюу хөрөнгө шийдвэрлэх асуудлын талаар хүсэлтээ уламжиллаа.