Хүүхэд, залуучуудад дэлхийн боловсролыг олгох, мэргэшсэн чадварлаг иргэдийг бэлтгэх зорилгоор дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт ЕБС, МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдыг гадаадын их дээд сургуульд сургах, төрийн байгууллага, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, эрчим хүч, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, урт, богино хугацаат сургалт, дадлагыг БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудад хамтран зохион байгуулах, соёлын чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм.
Дээрх ажлын эхлэл болгож, өнөөдөр БНСУ-ын Масан их сургуулийн менежер Ким Хэ Мин, Кёнин эмэгтэйчүүдийн их сургуулийн менежер С.Саранчимэг нар 11 дүгээр ангийн сурагчдад танилцуулга хийж харилцан яриа өрнүүлсэн юм. Түүнчлэн, “Хилийн чинад дахь Монголчууд” ТББ-аас дүүргийн Залуучуудын зөвлөлийн төлөөлөл, Багануурын Залуус төвийн захирал М.Гантулга нартай уулзаж, хамтран ажиллах саналыг солилцлоо.
Цаашид дүүргийн Засаг даргатай ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах бөгөөд Багануур дүүрэгт энэ оны 10 дугаар сард Япон улсын топ 18 их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, ажлын байрны богино сургалт, бизнесийн хөрөнгө оруулалт, старт апыг дэмжин ажилладаг “Наран шойжи Монголиа” төв салбараа албан ёсоор нээж, Багануур дүүргийн Залуус төвтэй хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.