Дүүргийн төсвийн нэмэлт, тодотголоор батлагдсан ЭМТ-ийн уулзвараас ЖДҮДТ хүртэлх 381м автозамын засвар шинэчлэлийн ажлын тендэр сонгон шалгаруулалтад Багануур АЗЗА ТӨХК шалгарч, энэ оны 9-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Ажлыг эхлүүлэх үед ЗДТГ-аас автозамын дэргэд байрлах автозасвар, угаалга, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, замын цагдаа, гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, замын гарц, зогсоолын талаар харилцан санал солилцон ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл дүүргийн Засаг дарга замын ажлын явцтай танилцсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал М.Мягмаржаргал дараах тайлбар, мэдээллийг өглөө.
М.Мягмаржаргал: Өнөөдрийн байдлаар тус замын хамгийн их эвдэрдэг хэсгийн намгархаг хөрстэй хэсгийг бүрэн хуулж, материал дүүргэлтийг хийж нягтруулсан бөгөөд авто замын хашлага хийх ажил үндсэндээ дуусаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нартай уулзаж, гарц гаргах асуудлыг тохиролцсон. Бидний зүгээс манай техник хэрэгслийг энд байгаа дээр нь ашиглаад өөрсдийн эзэмшлийн талбайнхаа ул суурийн ажлыг хийлгэх, бетон цутгах, асфальтаар хучих ажлыг хийлгэж болно гэдэг асуудлыг тавьж байгаа. Гэхдээ одоогоор бидэнд хандсан худалдаа үйлчилгээ эрхлэгч алга байна. Өөр хүндрэлтэй асуудал одоогоор гараагүй байна. Цаг агаарын улмаас болон гэнэтийн зүйл гарахгүй бол бид гэрээний хугацаанаас өмнө буюу 10-р сарын 01 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
С.Даваасүрэн: Хамгийн гол нь чанарт сайн анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлье. Бороо их хэмжээгээр орсон үед энд хуримтлагддаг усыг зайлуулах гаргалгааг хийж, 241-р цэцэрлэгийн чиглэлд явсан цэвэр ус, дулааны шугамыг уснаас хамгаалах, овор хэмжээ том бетон хаягдлыг буталж, газрыг цэвэрлэж, тэгшлэх ажлыг Багануур ус, Багануур тохижилттой хамтран танай компани хийхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Иргэдээс хамгийн ихээр гомдол ирж буй Ахиц-1 /Байдлаг хэсэгт байрлах/ дэлгүүрийн дэргэдэх автозамын эвдрэлд нөлөөлж буй усыг зайлуулах усны хаялга, хашлага хийх ажлыг Багануур тохижилт ААТҮГ өнөөдрөөс хийж эхэллээ.