Дүүргийн 2-р хорооны иргэн О.Отгонбаярын гэр бүл 2018 оноос хүлэмжийн аж ахуйг эрхэлж ирсэн бөгөөд 2022 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтийн зээлд хамрагдаж 240м2 талбай бүхий гурван улирлын хүлэмж байгуулж бүрэн ашиглалтад оруулсан бол 300м2 талбайтай дөрвөн улирлын хүлэмжийн дотор засварын ажил хийгдэж байна.
Стандартын дагуу баригдсан хоёр хүлэмжид өргөст хэмх, навчит ногоонуудыг тарьж дүүргийн ард иргэддээ өөрийн нутгийн хөрсөнд ургасан, химийн бодисоор бордоогүй, цэвэр шинэхэн ногоог жилийн бүх улиралд хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа бол өнөөдрийн байдлаар тус гэр бүл гурван улирлын хүлэмжээс бүтээгдэхүүнээ дүүргийн иргэдэд түгээж эхэлсэн байна. Орон нутгийн иргэддээ бүтээгдэхүүнийг хүргэж ажиллахаас гадна тэд одоогийн байдлаар 9 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм.
Тус гэр бүлийн хүлэмжийн аж ахуйтай дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ЖДҮДТ-ийн захирал Г.Баянмөнх нар танилцан, тэдний санал хүсэлтийг сонсож цаашид үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.