Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.
Энэ тухай “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэж заасан.
Хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах юм. Мөн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газар эзэмших эрхийг нь цуцална гэж заасан байдаг.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна орчны 50 метр доторх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасаа цэвэрлэхийг уриалж байна.